
NBA-ийн аварга, найман удаагийн Бүх одод Dwight Howard Монголд ирж, “SG Apes” багийн бүрэлдэхүүнд тоглосноосоо ердөө нэг хоногийн дараа карьерынхаа дараагийн шинэ багийг сонголоо. Тодруулбал, Гүржийн “Black Fortress Tbilisi” баг өчигдөр буюу есдүгээр сарын 10-нд Dwight Howard-тай гэрээ байгуулснаа албан ёсоор зарласан байна.
Тус багийн мэдээлэлд дурдсанаар Howard аравдугаар сараас Гүржийн нийслэл Тбилисид байрлах багийн нэрийн өмнөөс тоглох юм. Ингэснээр Монголын “SG Apes” багийн урилгаар есдүгээр сарын 9-нд “M Bank Arena”-д “Сэлэнгэ Бодонс”-ын эсрэг улирлын өмнөх тоглолтод оролцсон Howard Европын сагсан бөмбөгт анх удаа тоглохоор болж байна. “Black Fortress Tbilisi” нь Гүржийн дээд лигт анхны улирлаа тоглохоор бэлтгэж буй шинэ баг бөгөөд Howard тус багийн хамгийн том нэрийн хуудас болохоор сонгогджээ.
Ямар дүнтэй хэдэн жилийн гэрээ байгуулсан нь одоогоор тодорхой болоогүй байна. Howard өөрийн цахим хуудсаар дамжуулан “Georgia” руу очих гэж буйгаа онцолж, төрсөн нутаг болох АНУ-ын Жоржиа мужийг бус, Гүрж улсыг хэлж буйгаа хошигнон тайлбарласан байна. Ийнхүү NBA-д 18 улирал тоглож, 2020 онд “Los Angeles Lakers”-ийн хамтаар аваргын цом хүртсэн, гурван удаагийн шилдэг хамгаалан тоглогч Dwight Howard сүүлийн жилүүдэд Тайвань, Дубай болон BIG3 зэрэгт лигүүдэд тоглосныхоо дараа Европын шинэ лигт хүч үзэхээр болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!