Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Засгийн газрын Шадар сайд Хо Куок Зунг тэргүүтэй төлөөлөгчдийг Эдийн засаг, хөгжлийн яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан тохирсноос хойш хоёр жилийн ойн босгон дээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлан ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээ. Мөн тэрбээр,

- Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах, кибер аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Вьетнамын мэдээллийн технологийн томоохон компаниудыг Монголын цахим төслүүдэд хамтран ажиллахыг эрэлхийлэх, цахим засаглалын сайн туршлагуудаас харилцан суралцах,
- Хоёр улсын худалдааны зөрүүг арилгаж, харилцан ашигтай болгох, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд бараа нийлүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх,
- Монгол Улсын зүгээс “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлж, 2026 онд багтаан эцэслэн байгуулах,
- Монгол судлал, Вьетнам судлалын асуудалд хоёр тал анхаарал хандуулах гэсэн саналуудыг онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Засгийн газрын Шадар сайд Хо Куок Зунг энэ удаагийн айлчлалаар хоёр улсын Засгийн газар агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарч байгааг дурдав.
Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудалд санал нэгдлээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!