
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ 7 хоногт Монголд ирнэ. Гүйцэтгэх захирлаар томилогдоод яг нэг жилийн босгон дээрээ Монголд ирж, Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай уулзах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Түүний ирж буй шалтгаан нь мэдээж өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хийсэн яриа хэлэлцээрийг баталгаажуулах асуудал байх болов уу. Харин “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт монголчуудын хувьд “шинэ” хүн. Өмнө нь тус компанийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан нэгэн. Жилд 320 сая тонн төмрийн хүдэр олборлож борлуулдаг төмрийн хүдрийн групп нь “Рио”-гийн хамгийн том бизнесийн салбар. Харин Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш тэрбээр “Рио Тинто”-гийн зэс, лити гээд чухал түүхий эдийн төслүүдийн ашиглалт, хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээндээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милей, Гвиней улсын Ерөнхийлөгч Мамади Доумбоуяа гээд “Рио Тинто”-гийн хамгийн том, хамгийн чухалд тооцогдох төслүүд хэрэгжиж буй улсуудын тэргүүнүүдтэй дараалан уулзсан байдаг. Түүний энэхүү уулзалтууд нь “Рио Тинто”-гийн стратегийн хамгийн чухал төслүүддээ улс төрийн дэмжлэгийг нь баталгаажуулсан гэхэд болох юм. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бодлого, тус улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милейн гадаадын томоохон хөрөнгө оруулалт татахыг зорьж буй зорилттой нийцэж байгаа юм. Харин одоо тэр “Рио”-гийн өсөлтөд жинтэй нөлөө үзүүлж буй Оюу толгойн хамтрагч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах болно. Энэхүү уулзалтаас өмнө Саймон Троттын өмнөх уулзалтууд ямар ач холбогдолтой байсныг эргэн сөхье.
САЙМОН ТРОТТ БА Д.ТРАМП
2025 оны наймдугаар сарын 19-нд шинээр Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авахаар бэлтгэж байсан Саймон Тротт, тухайн үеийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушхольм болон BHP-ийн Гүйцэтгэх захирал Майк Хенри нар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан.
Уулзалтын гол асуудал нь Аризона муж дахь Resolution Copper төсөл байв. “Рио Тинто” 55 хувь, BHP 45 хувийг эзэмшдэг энэ төсөл нь АНУ-ын зэсийн хэрэгцээний 25 хүртэлх хувийг хангах боломжтой томоохон нөөц боловч газар ашиглах, байгаль орчны үнэлгээ, уугуул иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой шүүхийн маргаанаас шалтгаалан олон жил саатсан юм. Уг төслийн менежментийг хариуцаж байгаагийн хувьд шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байв. Уг уулзалт болох үед төслийн үйл ажиллагаанд зориулж хийсэн газрын солилцоотой холбоотой шийдвэрийг АНУ-ын Давж заалдах шатны шүүх түр зогсоогоод байлаа.
Харин Трампын засаг захиргаа дотоодын чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг дэмжих бодлогын хүрээнд Resolution Copper-ийг ашиглах төслийг хүчтэй дэмжсэн нь уг төслийг тойрсон улс төрийн орчныг эрс өөрчилсөн гэхэд болно.
Геополитикийн нөхцөл байдал, Д.Трампын тарифын бодлого гээд АНУ-ын зэсийн салбар хүндхэн байдалтай тулгарсан. Ийм үед дотоодын зэсийн нийлүүлэлтийг дэмжих, тэр дундаа барууны хөрөнгө оруулалттай төслүүдийг яаравчлан хөдөлгөх замаар зэсийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь АНУ, Д.Трампын хувьд шийдвэрлэх учиртай нэг асуудал байсан юм.

Энэхүү уулзалтаас долоон сарын дараа Resolution Copper-т тулгарч байсан томоохон гацаа тайлагдсан. 2026 оны гуравдугаар сарын 13-нд шүүх газрын солилцоотой холбоотой шийдвэрийг зогсоох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гуравдугаар сарын 16-нд АНУ-ын Ойн алба болон Resolution Copper газрын солилцоотой холбоотой асуудлыг бүрэн эцэслэсэн юм.
Томоохон хэвлэлүүд Саймон Тротт болон Трампын уулзалтыг Rio Tinto-ийн хувьд олон жил гацсан Resolution Copper төслийг зөвшөөрлийн шатнаас бодит бүтээн байгуулалтын хөгжүүлэлтийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлсэн улс төрийн дээд түвшний уулзалт болсон хэмээн дүгнэж байгаа бол нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг тулгамдсан нэг асуудлаа богино хугацаанд шийдвэрлэж чадсан уулзалт боллоо хэмээн онцолж байв.
Resolution Copper төсөл АНУ-ын дотоодын зэсийн нийлүүлэлтэд томоохон нөлөө үзүүлэх төсөл. Rio Tinto, BHP одоо төслийн дараагийн шатанд ойролцоогоор 500 сая ам.доллар зарцуулж, өрөмдлөг, дэд бүтцийн шинэчлэл зэрэг бэлтгэл ажлыг үргэлжлүүлж байна.

САЙМОН ТРОТТ БА ХАВЬЕР МИЛЕЙ
Вашингтоны уулзалтаас ердөө нэг хоногийн дараа буюу 2025 оны наймдугаар сарын 20-нд Саймон Тротт Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй Буэнос-Айрес хотод уулзсан.
Уг уулзалт нь Аргентин улсын Ерөнхийлөгчийн хувьд уул уурхайн салбар, тэр дундаа литийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, томоохон хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчныг баталгаажуулах замаар бусад томоохон хөрөнгө оруулагчдыг урихад чиглэсэн хэмээн хэвлэлүүд дүгнэж буй. Лити бол “Рио Тинто” болон Аргентин улсын ашиг сонирхол огтлолцож буй гол цэг. Аргентин улс “Рио Тинто”-гийн хувьд чухал түнш нь. Учир нь “Рио Тинто” дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор чухал түүхий эдийн нийлүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нэг нь лити юм. Харин Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милей гадаадын томоохон хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгаа сэргээн босгож хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буй. Тус улс литийн асар их нөөцтэй бөгөөд түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах замаар экспорт, ажлын байр, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогоо гаргасан.
“Рио Тинто”-гийн Аргентин улс дахь гол төсөл нь Salta мужийн Rincon. Аргентины Засгийн газар 2025 оны тавдугаар сард Rincon-ийг Милейн том хөрөнгө оруулалтыг дэмжих RIGI бодлогод стратегийн экспортын төсөл хэлбэрээр албан ёсоор оруулсан. RIGI гэдэг нь Хавьер Милей Ерөнхийлөгчийн гаргаж тавьсан “Томоохон хөрөнгө оруулалтын урамшууллын систем” гэж хэлэхэд болно. Төсөл эхний шатанд жилд 53 мянган тонн, цаашид 60 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх зорилготой. “Рио Тинто” уг төслийн хөгжүүлэлтэд 2.5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Энэ оны гуравдугаар сард IFC, IDB Invest, Export Finance Australia болон Японы JBIC-аас нийт 1.175 тэрбум ам.долларын санхүүжилт босгосноор уг төсөл төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалтын шатанд шилжсэн гэхэд болно.
Үйлдвэрийн болон талбайн дэд бүтцийн ажил үргэлжилж байгаа бөгөөд анхны үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлж, дараагийн гурван жилд бүрэн хүчин чадалд хүргэхээр төлөвлөсөн.
“Рио Тинто”-гийн Аргентины сонирхол зөвхөн Rincon-оор хязгаарлагдахгүй. Arcadium Lithium-ийг 6.7 тэрбум ам.доллараар худалдан авснаар Fénix, Sal de Vida, Olaroz зэрэг ажиллаж буй болон хөгжүүлж буй литийн төслүүд бий.
Ингэснээр тус компани Аргентинд нэг шинэ уурхай хөгжүүлэхээс илүүтэй үйлдвэрлэл–өргөтгөл–шинэ бүтээн байгуулалтыг хослуулсан литийн томоохон кластер бий болгож байгаа гэхэд болно. Энэ нь Аргентин улсын дэлхийн литийн зах зээлд том үйлдвэрлэгч, нийлүүлэгч болох зорилготой нийцэж байгаа юм. Тиймээс Тротт–Милейн уулзалтын цаад утга нь хоёр талын стратегийн сонирхлын огтлолцол гэхэд болно.
САЙМОН ТРОТТ БА Н.УЧРАЛ
АНУ, Аргентин гээд түншүүдтэйгээ урт хугацааны хамтын ажиллагаагаа улам бүр баталгаажуулж чадсан Саймон Тротт өөр нэгэн түнштэйгээ уулзахаар Монголд ирж байгаа нь энэ.
Оюу толгой бол “Рио Тинто”-гийн хувьд өндөр ач холбогдолтой уурхай. Монгол Улс бол урт хугацааны чухал түнш. Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” хооронд удаан үргэлжилсэн хэлэлцээр тохиролцоонд хүрсэн гэдгээ талууд харилцан мэдэгдээд байгаа.
Энэ үед Монголд ирж байгаа “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт болон Ерөнхий сайд Н.Учрал нар ямар тохиролцоонд хүрэх нь хамгийн сонирхолтой. Хоёрхон сарын жижиг асуудал ярих уу, 20, 40 жилийн найдвартай түншлэлээ баталгаажуулсан хамтын ажиллагааг ярих уу гэдэг нь сонирхолтой юм.
Эх сурвалж: MINING INSIGTH
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!