Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй.
Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай эхнэрийнхээ хамаарал бүхий компанийн дансаар 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон цагдан хоригдож, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, мөн өмнө нь Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нь өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар шалгаж эхэлжээ.
Тус заалтад "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.
Дашрамд, Л.Хосбаяр одоо НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн ажлыг хамт гүйцэтгэж буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!