Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 58 секунд

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүллээ.Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э. Анар тус бодлогын баримт бичгийн агуулга, онцлог ач холбогдлыг танилцуулав. Тухайлбал, Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, "Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк" байх алсын хараагаа тодорхойлон, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарт тулгамдаж буй реформын шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь энэхүү дунд хугацааны стратегийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгох эхний томоохон алхмуудыг агуулж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэсэн юм.

Нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, иргэдийн 100 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл сонсон, мөнгөний бодлогын баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлэв.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална. Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Түүнчлэн Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, санал солилцох нь бодлого боловсруулалтад олон талын байр суурь, санал санаачилгыг тусган сайжруулах, улмаар бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!