Түлхүүр мэдээлэл:
- Шинэ Зеланд улсын Эрүүл мэндийн сайд хөл хорио зөрчин гэр бүлээрээ машинтай зугаалж буй нь камерт бичигджээ.
- Тэрээр өөрийгөө тэнэг үйлдэл хийсэн хэмээн хүлээн зөвшөөрч, огцрох өргөдлөө өгсөн байна.
- Шинэ Зеландын ерөнхий сайд тахлын үед Эрүүл мэндийн сайдаа солих нь тохиромжгүй хэмээн үзэж түүнийг тушаал бууруулжээ.
Хөл хорионы дэглэмийг зөрчиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт гэрээсээ 20 км зайд орших далайн эргээр зугаалсан нь батлагдсан Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд Дэвид Кларк огцрох өргөдлөө өгчээ.
Тэрбээр өөрийгөө тэнэг үйлдэл хийсэн хэмээгээд огцрох өргөдлөө Ерөнхий сайд Жасинда Ардернд өгсөн байна. Харин Жасинда Ардерн цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаа солих нь тийм ч сайн шийдвэр биш гэж үзээд түүнийг албан тушаал бууруулах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Дэвид Кларк дэд сайдын албан тушаалд очсон ба мөн давхар Сангийн яаманд хашдаг байсан ажлаа өгөхөөр болсон байна.
Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн бөгөөд машинтайгаа гэр бүлээрээ зугаалж байгаа нь хэвлэлд нийтлэгдсэнээр асуудал үүсчээ. Шинэ Зеландад өнөөдрийн байдлаар 1,100 гаруй хүн халдвар авч, нэг хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: BBC, GUARDIAN