БНАСАУ-ын эрх баригчид ахлах сургуулийн долоон сурагчийг дэлхий даяар хит болсон Netflix-ийн "Squid Game" цуврал киноны хуулбарыг хууль бусаар хил давуулж, худалдсан этгээдэд цаазаар авах ял оноожээ.
Хууль бус наймаачин Хятадаас Хойд Солонгос руу Squid game хуулбарыг авчирч, цувралыг агуулсан USB флаш дискийг худалдсан гэж мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг буудан хороох аж.
Мөн тус киног худалдаж авсан сурагч насаараа хоригдох ял сонсож, хамт үзсэн зургаан хүүхэд таван жилийн турш хүнд хөдөлмөр эрхлэхээр болжээ. Тус сургуулийн багш болон удирдлагууд энэ хэргийн улмаас ажлаасаа халагдаж, алс бөглүү байдаг уурхайд ажиллах шийтгэл хүлээлээ.
2020 оны 12 сард Хойд Солонгост аливаа кинaо, дуу хөгжим, ном зэргийг гадаадаас зөвшөөрөлгүй оруулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь Өмнөд Солонгос болон АНУ гэх зэрэг улсын соёл мэдээлэл хэт түгэхээс сэргийлсэн арга хэмжээ гэсэн байна.
Мөн өөр нэгэн мэдээллээр өнгөрөгч дөрөвдүгээр сард нэгэн эр Өмнөд Солонгосын янз бүрийн цомог, киноны бичлэг зарж түгээснээсээ болж олны өмнө цаазлуулжээ.
Одоо олон нийтийн дунд тэдгээр ахлах сургуулийн сурагч болон мөрдлөгийн үеэр нэр холбогдож мэдэх хүмүүсийн төлөөх маш их айдас тархаад буйг RFA мэдээлжээ.
"Тэд одоо маш их айдас дунд байна. Хүмүүс янз бүрийн USB, мемори карт зэргийг авахаасаа, бусдад өгөхөөс айж байна. Бүр тийм ч ноцтой биш зүйлийн өмнөөс ч тэд шийтгүүлнэ гэх айдастай байгаа" хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.