УИХ-ын чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Нэг уриа лоозонгоос нөгөө уриа руу явж байна. 2020 онд баталсан хуулийг ахиж батлах гэж байна. Амьдрал, цаас хоёр алд дэлэм зөрүүтэй байна. Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хажууд байдаг, Ази-Европыг холбосон алтан байрлалтай улс. Оросын нэг хүн Монголын яамдад чадварлаг мэргэжилтэн нэг ч байхгүй гэж хэлсэн байна. Дэлхий нийт ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчрүү явж байна. 70 жил бид уриа лоозон ярьсан. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу. 18 дугаар зууны төмөр замтай, боловсролын систем нь хоцрогдсон байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Бид хэд хоногийн өмнө Засгийн газрын бүтцэд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. АН засаг барьж байхдаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж байсан. Харамсалтай нь тэр яам эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцдаг биш гудамж, төсөл хэрэгжүүлдэг яам болоод л хоцорсон. Тийм болоосой гэж би бодохгүй байна" гэв.