Токио-2020 наадмын оролцсон Монголын баг тамирчдын онцлох баримтуудыг хүргэж байна.
Жүдоч М.Уранцэцэг, чөлөөтийн Б.Болортуяа нар Олимп, дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч байжээ.
М.Уранцэцэг нь ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин бөгөөд энэ удаагийн олимпоос дутуугаа гүйцээж олимпын наадмын хүрэл медалийг эх орондоо авч ирсэн юм.
Харин олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Болортуяа барилдаж, Камеруны бөх Жосеф Эссомбег 14:4 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болсон юм. Түүний хувьд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болж байсан билээ.