Олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ, Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын гэргий О.Энхжингийн 2021 оны долоодугаар сарын 26-ны өдөр UBN.MN сайтад өгч байсан ярилцлагыг дахин хүргэж байна.
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан болж өндөрлөлөө. Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү энэ удаагийн олимпын наадмын Монголын болон жүдочдын хоёр дахь хүрэл медалийг хүртээд байна.
Түүнийг хүрэл медаль хүртсэнийх нь дараа эхнэр О.Энхжинтэй нь цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө хань нь хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээн үзэж байхдаа хэр догдолж сандрав?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Уйлаад л сууж байна. Үнэхээр сайхан мөч ирдэг юм байна. Дэндүү их хөдөлмөрлөсөн шүү дээ миний хань чинь. Сүүлд Онотой барилдаж байгааг нь хараад сэтгэл зүй нь өндөр байна даа. Ашгүй дээ гээд харж суусан. Гэхдээ л сандраад бүтэн амьсгаа ч авч чадахгүй сууж байлаа. /хоолой нь зангирав/
-Та олимпын наадмыг ганцаараа үзсэн үү?
-Аав ээж дүүтэйгээ үзлээ. Бүгдээрээ баярлаад уйлаад сууцгааж байна. Үнэхээр сайхан өдөр ирдэг юм байна.
-Тэмцээн дуусаад хүрэл медаль хүртэхэд юу бодож байсан бэ?
-Хүүхдээ тэврээд сууж байгаад хүүхдээ цочтол орилсон. Өөрийнхөө болон аавынхаа хүслийг гүйцээсэн ханиараа маш их баярлаж, бахархаж суулаа. Үнэхээр их баяртай байна.
-Тамирчин маань явахдаа сэтгэл зүйгээ хэр сайн бэлдсэн бэ?
-Сэтгэл зүйчтэй, хоол зүйчтэй, бэлтгэл сайн явсан. Сэтгэл зүйгээ маш тайван байлгасан. Маш сайн бэлдсэн гэж харж байгаа. Явахаасаа өмнө хүүдээ болон надад "Хань нь чаднаа" гэж хэлээд явсан. Тэр минь чадлаа.
-Хэдэн жил энэ спортоор хичээллэж байгаа билээ?
-10 настайгаа хойш хичээллэсэн. Уйгагүй олон жил хичээснийх нь үр дүн гарч байна.
-Риогийн олимпын дараа гуниглаад сууж байгаа зураг нь олон нийтэд цацагдсан. Тэрхүү зургийг харсан хэн бүхэн түүнийг олимпын медаль хүртээсэй гэсэн битүүхэн горьдлоготой байлаа?
-Тийм шүү. Тухайн үед өөрийгөө мултарчихна гэж бодоогүй. Гэхдээ туршлага дутсан байх. Ялагдсаныхаа дараа "Өөрийнхөө хийж чадах зүйлд хүрч чадаагүй учраас болъё гэж бодож байсан" гэж тухайн үедээ ярьж байсан ч өнөөдөр минь хань Монгол Улсдаа олимпын медаль авчирч чадлаа.
- Ярилцсанд баярлалаа.