"Токио-2020" олимпын наадмын буудлагын төрөлд МУГТ О.Гүндэгмаа оролцож буй. Долоо дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаагийн хувьд өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны хийн гар бууны 10 метрийн урьдчилсан шатад 568 оноогоор 30-р байрт жагссан юм. Түүний хувьд 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих билээ. МУГТ О.Гүндэгмаагийн охин Соёл-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдлийг илэрхийлжээ.
Тэрбээр "Миний ээж биднийхээ Олимпын аварга нь шүү дээ. Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү их наадмаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийхэн, ойр дотных нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.
Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Харин хэл амаа билүүдэхээр зэхэж буй хөнөөлт үгстэй зарим нийтлэгч, шүлсээ цацруулагчдаа та нараас гуйя. Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгсэд анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, Вебсайтуудын мэдээллүүдийн гарчигуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юм даа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, оролцоод ирж байгаа нь л тэдний Амжилт! Тамирчдаа битгий ялгаварлаач.
Миний хайрт ээж О. Гүндэгмаа нь энэхүү их наадамд 7 дох удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, Хамгийн Сүпер ЭЭЖ
Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, Анхны Олимпт 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртлэх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн Мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.
Олимп хэмээх энэхүү их Наадам, зөвхөн ээжийн минь амьдралд чухал байхаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, 10-н жилийн хонхны баяр, Их сургуулийн төгсөлтийн баяр, Магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, Өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж эл олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.
Миний санахын ээжийг минь орсон тэмцээн бүрээс медаль хүрдэг байсан үед, чмнээлэг улсууд Иргэнээ болох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангарагаа өргөсөн Монгол улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн. Монгол улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл.
Гурван бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч ундууцаж байсангүй ээ. Эсэргээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор 4-4 н жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, Ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг. Ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад (Discipline-тэй) сахилга бат, эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.
Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхээн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал Хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Сүпер Баатар гэдэг нь байх даа.
Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчдыгаа медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээч, түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай. Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ" гэжээ.