Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дельта" вирусийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ДЭМБ-аас Европын улс орнуудад тархалт 10 хувиар нэмэгдсэн. Энэ нь хөл бөмбөгийн арга хэмжээтэй холбоотой. Ялангуяа "Дельта" вирусийн тархалт мутацилагдсан хувилбар илүү хурдацтай тархаж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс хилээ хаах, хөл хорио тогтоох зэрэг хариу арга хэмжээ авч эхэлсэн байна. Ялангуяа ОХУ-д гарсан халдварын тархалтын хувь нь дельта вирус байгаа. Энэ хувилбар нь хоруу чанартай, маш хурдацтай тархдаг, богино хугацаанд хүндэрдэг бөгөөд вакцины үр дүнг бууруулдаг судалгаа гарсан байна. Иймд Турк, ОХУ зэрэг улс гурав дахь тунг хийж эхэлж байна. Судалгааны явцад зургаан сараас дээш хугацааны дараа вакцины гурав дахь тунг тарих тухай дүгнэлтүүд гарч байсан ч үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн улс орон бүр хариу арга хэмжээгээ ийнхүү авч байна.
Манай улсад дельта хувилбар орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Эрсдэл өндөр байна. Энэ төрлийн вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдсэн.
Бид хоёр чиглэлээр судалгааны ажил хийж байгаа. Тухайн саруудын сорьцыг хадгалж, PCR шинжилгээнд суурилан хувилбаруудыг тодорхойлохоор судалсан. Дөрөв болон зургаадугаар сарын сорьцуудад альфа хувилбар дийлэнхийг эзэлж байсан. Үүнийг баталгаажуулахаар Япон улс руу 50 сорьц явуулахад Монгол Улсад альфа хувилбар зонхилж байгаа тухай дүгнэлт өгсөн. Мөн манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн дельта вирус таван сорьцод илэрсэн. Тодруулбал, тавдугаар сарын эхэн үеийн сорьцод илэрсэн бөгөөд тухайн иргэдийг тусгаарлаж, эмчилсэн" гэлээ.