Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны ээлжит бус их хурал арванхоёрдугаар сарын 7-нд боллоо. Тус ээлжит бус их хурлаар холбооны ерөнхийлөгчийг батламжлах, шинэчилсэн дүрмийн найруулга болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна.
МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарыг хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр батламжилж, холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлав. Төлөөлөгчид 21 аймаг, 9 дүүрэг, спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөл, шүүгчдийн зөвлөл, мастерууд, хяналт, Үндэсний шигшээ багийн тамирчид зэрэг төлөөллүүдээс бүрдэн оролцжээ.
Түүнчлэн ээлжит бус их хурлын онцлог нь Чөлөөт бөхийн өдөрлөгийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, шагнал олгосон явдал байжээ. Үүнд:
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Палам овогтой Чулуунбаатар,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Цогбадрах овогтой Гантөгс
- Алтангадас одон – Дашдаваа овогтой Түвшинжаргал
- Алтангадас одон – Лувсандамба овогтой Энхбаяр
- Алтангадас одон – Ёндонпүрэв овогтой Батдархан
- Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт жуух бичгээр – С.Мөнхдуулдах нар тус тус шагнагдав.
Мөн цаашлаад МЧБХ-ны шийдвэрээр 2023 онд амжилт гаргасан тамирчид (5 сая төгрөг) болон тэдгээр тамирчдын анхны багш нарт (нэг сая төгрөг) хүндэтгэл үзүүлж, тус тус мөнгөн шагнал олгожээ.