“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнгөрөгч Мягмар гарагт болж, тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Шүүх хурлын үеэр Б.Ганхуяг нүүрсний гэх хэрэгт холбогдох үндэслэл байхгүй, өнгөрсөн хугацаанд өөрөөс нь нэг ч мэдүүлэг аваагүй хэмээн мэдэгдсэн юм. Түүний хувьд өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн цагдан хоригдож буй бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн байдаг.
Тэгвэл тэрбээр Хүний Эрхийн Үндэсний комисст хандан захидал бичиж ирүүлжээ. Эл захидалд "Хүний эрхийн асуудал, эрх эрх чөлөөний тухай ойлголт түүнд санаа зовдог, сэтгэлээ чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл 9 сар гаруй хугацаанд улс төрийн хоригдол болж сууж эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод хилс хэрэгт гүтгэгдэж МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар түүний гар хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүхийн шийдвэрийн золиос болсоор удаж байна.
Анх намайг цагдан хорихдоо Ерөнхий сайдын зүгээс болон ЦЕГ-ын удирдлага, ХЗДХЯ-ны ТНБД нарын зүгээс удаа дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2022 оны 12 сарын 4-нөөс эхэлсэн" хэмээн эхлүүлжээ. Тус захидал нь өнөөдөр өглөө Хүний Эрхийн Үндэсний комисст ирсэн аж.