Эртээ урьдын цагт "Тэмээ 12 салаа эвэртэй, урт сайхан сүүлтэй байж ээ"...
Магад энэ үлгэрийг хүн бүр багадаа сонсож өссөн байх. Гэнэн итгэмтгий зангаасаа болоод тэмээ хэмээх сүрлэг амьтан 12 салаа эврээ бугад алдаад, урт сайхан сүүлээ моринд алдаад өөрөө хоосон хоцордогсон. Яг энэ үлгэрийн адилаар өнөөдөр Монголчууд хуруу хумсаа хугалан байж цуглуулсан хэдэн төгрөгөө ЗАЛИЛАГЧДАД алдаж, гахай нүцгэн, нохой явган хоцрох нь ихэслээ.
Хэзээнээс л манай Монголчуудыг хүнд итгэмтгий, гэнэн зантай хэмээн ярьдаг байсан бол өдгөө ч энэ зангаа "үл хаяж". Нэг талаараа хүнд байх хэрэгтэй зан ч нөгөө талаараа огт хэрэггүй гэхэд буруудахгүй байх. Учир юун гэвэл энэ зангаасаа болж алдсан олон мянган хүн өнөөдөр өдөр хоногоо хэрхэн өнгөрөөхөө ч мэдэхгүй харамсан сууж байгаа.
Бүр сүүлийн жилүүдэд залилангийн аргууд улам нарийсан, техник технологийн дэвшилтэй ч хөл нийлүүлэн алхах болж. Үүнээс улбаалан цахим залиланд өртсөн мянга мянган хүний гомдлын мөр Цагдаагийн байгууллагад цаг минут тутамд хаяглагдан ирэх болж.
Тэгвэл залилан гэх гэмт хэргийн хамгийн энгийн хэрнэ инээдтэй ч юм шиг нэгэн жишээ буюу "РОМАНС ЗАЛИЛАН"-г энд дурдъя. Энэ төрлийн залилангийн хохирогчид ихэвчлэн ядуу, буурай хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүд байдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Бас сонор сэрэмжтэй байхыг анхааруулдаг. Угаас утасны цаанаас бие биенээ хайрлана гэж юу байх билээ. Гэвч гар утасны ард нуугдсан нэр, хаяг, нас нь тодорхойгүй үл таних хүнд сэтгэлтэй болж, өөрийн гэх бүх зүйлсээ үнэд хүргэн хаанахын данс нь үл мэдэгдэх данс руу бүх мөнгөө, бүх итгэл найдвараа шилжүүлсэн олон Монгол эмэгтэй байдаг бөгөөд бүр энэ төрлийн залиланд урхидуулсан эрчүүд ч байдгийг албаныхан хэлдэг. Харамсалтай нь хохирогчид ийм зүйлд "хулидуулснаасаа" ичиж, ил гарах нь бага байдаг аж.
Угтаа бол Цагдаагийн байгууллага хийгээд бусад мэргэжлийн байгууллагууд ч "ЗАЛИЛАН"-ийн арга нарийсаж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг сануулж буй ч иргэд тэр бүр ойшоодоггүй. Өнөө л тэмээ шигээ бугад эврээ алдчихаад түүнээ ч мэдэхгүй сүүлээ моринд өгөөд явуулчихдагтай агаар нэгэн адил. Хулхидуулаад л байна, хулихидуулаад л байна хулхи нь буухгүй дахиж хулихдуулсаар.
Энэ нь ч бид өөрсдөө залилагчдад замыг нь нээж өгч байгаагаас ялгаагүй зүйл. Уг нь нэг алдаж болох ч нэмж алддаггүй байх хэрэгтэй. Бас алдсан бол бусдадаа анхааруулах зориг зүрхтэй байх хэрэгтэй. Гэвч энэ нийгэмд анхааруулж, дуугарах нь цөөн тул иргэд мянга үглэх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг ойшоодоггүй биз. Бүр "Надад тохиолдохгүй" хэмээн бат итгэсэн хүмүүс ч нэг л өдөр харамсаж суухыг үгүйсгэхгүй.
Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд 2023 он гарснаас хойш 8934 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оноос 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Үүнээс юуг харж болох вэ гэвэл өнөө л анхааруулгыг хүлээж аваагүйгээс үүдэж олон хүн ахиад л алдсан гэдгийг харж болох. Тийм ч учраас энэхүү нийтлэлээрээ гэнэн итгэмтгий монгол хүн та тэмээ шиг зангаа одооноос гээж, залилагчдад боломж олгохгүй байхыг анхааруулах гэсэн юм.
Бас танд "ЗАЛИЛАГЧДАД ЗАЛИЛУУЛСААР БАЙХ УУ" гэх асуултын хариуг үлдээе.