"UB Food festival 2023” арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар оролцож байна. Энэ жилийн хувьд өргөн цар хүрээг хамарч буй. Дэлхийн олон хотод гудамжны хоол соёл болтлоо хөгжиж, жуулчдыг татах нэг хэрэгсэл болсон. Нийслэлийн удирдлагуудын зүгээс цаашид бизнес эрхлэгчдээ дэмжиж, гудамжны буюу явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр улирлаас үл хамаарах, эрүүл ахуйн чанар, стандартад нийцсэн бодлого баримталж ажиллана. Мөн үндэсний уламжлалт хоолонд суурилсан олон төрлийн хоолны сонголт, зуушийг бий болгох хэрэгцээ, шаардлага бий. Түүнчлэн чанар, стандартыг орхигдуулж болохгүй. Хотын соёлыг түгээх, нийслэл Улаанбаатар хотоо сурталчлахад энэ арга хэмжээ нь чухал үр нөлөөтэй" гэв.