Наймдугаар сарын 5-ны 19.30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Улмаар олон айл өрх эд хөрөнгө, гэр оронгоороо хохироод буй. Тиймээс УОК хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
- Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай хүн хүч, машин, текникийг дайчлан гаргаж, Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлж, шуурхай зохицуулалтаар хангаж ажиллах,
- Үерт өртсөн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах,
- Үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг тогтмол түгээх, үерийн голомтод болон шаардлагатай газруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулах,
- Үерт өртсөн айл өрхүүдийн судалгааг нэн даруй гаргаж, иргэдийг нэн шаардлагатай цэвэр ус, хоол хүнс, дулаан хувцас, гэр, түр байраар хангах ажлыг шуурхай зохион байгуулж, нийслэл, дүүргийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх, нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангаж ажиллах
- Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмын дагуу үерийн хохирлын анхан шатны үнэлгээ хийж, Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх,
- Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоог яаралтай гаргаж Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Цаашид бүх шатны Засаг дарга нарт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана”, “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасныг мөрдлөг болгон 2024 оны төсөвт гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны зардлыг бодитоор тооцож тусгах, мөн дүүргүүдийн Засаг дарга нарыг дүүргийнхээ нутаг дэвсгэрт эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, далан суваг шуудуу татах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд дахин үүрэг болголоо.