Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ оны шилдгүүдээр шалгарсан уран бүтээлчдийн тухай энд дарж уншина уу.
Энэхүү арга хэмжээ өнгөрсөн онд цар тахлын нөлөөгөөр нэг жил хойшилсонтой холбоотойгоор маш олон уран бүтээлчид энэ арга хэмжээг сэтгэл догдлон хүлээсэн талаараа ярьж байсан юм.
“Мөнгөн мод 2022” наадамд “Гэм зэм” постдрамын жүжгийн Улсын яллагчийн дүрээрээ нэр дэвшин өрсөлдөж буй МУГЖ Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Соёлын яамнаас зохион байгуулж буй "Мөнгөн мод" 2022 арга хэмжээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Төр засгийн удирдлагуудын зүгээс соёл урлагийн талаар уран бүтээлчидтэй уулзахад би хамгийн түрүүнд кноп дарж, Соёл урлагийн яамыг тусад нь гаргаж өгөөч гэх үгийг хэлж байсан юм. Энэ хүсэлтийг минь хүлээж авсанд би үнэхээр баяртай байдаг. Яагаад гэвэл БСШУ гэдэг гурван салбар нийгмийн хамгийн том тулгуур нь шүү дээ. Одоо харин салан тусгаарлагдсан нь уран бүтээлчид болон Монголын соёл урлагийн өв сан эзэнтэй боллоо л гэсэн үг. Монгол хүн өөрсдийгөө дэлхийд таниулахад тамгалахад дөхөмтэй болсон гэж хардаг.
-Таны хувьд "Мөнгөн Мод" наадамд “Гэм зэм” постдрамын жүжгийн дүрээр өрсөлдөж байна. Сэтгэгдэл ямар байна. Хүлээлт хэр байна вэ?
-Хүүхэд байхдаа Достоевскийн зохиолыг уншаад дурлаж шүтэж уншдаг байлаа. Тэр зохиолчийнхоо зохиолоор хийсэн жүжгийн дүрээр өрсөлдөж буйдаа үгээр хэлэхийн аргагүй баяртай байна.
-Энэ наадамд өрсөлдөж буй дүрийг бүтээхдээ хэрхэн бүтээв?
-“Улсын яллагч”-ийн дүрийг бүтээхэд надад нэг талаар хэцүү нөгөө талаар дөхөм байсан. Дөхөм нь юу байсан бэ гэвэл би Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн ангийг 2019 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ утгаараа хуулийн ангид дандаа мэтгэлцээн өрнөж байдаг. Иймээс Улсын яллагч гэдэг дүрийг бүтээхэд дөхөм байлаа. Сургуулийн сургалтын зарчмын дагуу маш олон шүүх хуралд сууж судалж байсан учраас ойрхон байсан гэх үү дээ. Харин нөгөө талаар юу хэцүү байсан талаар хэлбэл М.Батболд гэдэг найруулагч постдрам гэдэг шинэ төрлөөр тавьсан учраас тухайн төрөлд нь станиславский суурьтай Ганцэцэг гэдэг жүжигчний хувьд эвдэгдэх шаардлага гарсан учраас хэцүү байсан. Гэхдээ бид зургаан сар бэлдсэн, хичээсний үр дүнд чадсан.
-Улсын яллагчийн дүрд тоглохдоо та маш хүнд элементүүдийг хийдэг шүү дээ. Жишээлбэл, А суух иог хийх гэх мэт. Та жүжигт зориулж бэлдэв үү?
-Би Иогоор хичээллээд хоёр жил болж байна. Иог бол миний амьдралын нэг хэсэг болсон зүйл. Уран бүтээлч хүний хувьд эрүүл зөв байх үндэс суурь болж өгдөг. Мэдээж Иог хийгээд Текст хэлнэ гэдэг маш хэцүү байсан учраас ямар ч амьсгаа авч хүнд байгаа юм шиг харагдахгүйгээр үгээ хэлэхийн тулд олон өдөр сургуулилт хийсэн.
-Энэ дүрээрээ та нийгэмд юуг хүргэе гэж бодсон бэ?
-Эрт дээр үед хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлээд бие биенээ соёл, зан заншлынхаа хэмжээгээр удирдаж залж ирсэн. Удирдаж зална гэдэг нь дарга цэргийн асуудал биш зөв гольдролд нь чиглүүлж ирсэн зан заншлын хэм хэмжээгээрээ шүү дээ. Гэтэл энэ зүйлс өөрчлөгдөж бид суурин иргэншил рүү шилжсэнээрээ бидэнд юу гарсан гэхээр бичмэл хууль гарч, эрх зүйн хэм хэмжээгээр хүн төрөлхтний үйл ажиллагааг зохицуулдаг болсон. Хэрвээ та хүн гэдэг эрхэм алдрыг хүртэж энэ хөрсөн дээр ирсэн л бол тухайн эх газрын хууль ёс журамд захирагдаж, түүнийгээ үргэлж биелүүлж байгаарай гэдгийг хэлэх гэж маш их хичээсэн. Энэ дүрийг эсрэг дүр гэж харахаасаа илүүтэй “Улсын яллагч” дандаа хэлдэг гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл байдаг гэдгийг сонсоосой. Хүн болсон л бол нэг алхахад таныг хууль эрх зүйн орчин, хэм хэмжээ хүлээж байгаа гэдгийг санаасай. Таны эрх бусдын эрхээр аязгаарлагдаэна гэдгийг ойлгоосой.
-Энэ арга хэмжээ уран бүтээлчдэд цаашдын шинэ уран бүтээл хийхэд урам зориг өгч, шинэ зүйлсийн эхлэл болдог гэж харж байна?
-Шагнал авсан ч аваагүй ч аль аль нь л надад өндөр үүрэг хариуцлага хүлээлгэнэ. Манай "Аримун" продакшн дараагийн уран бүтээлдээ орж эхэлж байгаа учраас сэтгэл дотор минь гал асаж байна.