Хурандаа нар улстөрчдөөс БОХИР байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 53 секунд

Өнгөрөгч өдрүүдэд хамаг л болж, бүтэхгүй бүхний "төв цэг" болж яригдсан ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан өчигдөр олон нийтийн өмнө гарч ирлээ. Гэхдээ түүний хэрэг наймаалцсан, удган Б.Булнайд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, хуулийнханд дарамт үзүүлж жолоочийнхоо эхнэр болон дүүг даргаар томилуулсан зэрэг мэдээллүүдэд хийсэн тайлбараас нь давсан сэдэв энд хөндөгдөв.

Тодруулж хэлбэл, Монголд бий болсон гэх МАФИЖСАН СҮЛЖЭЭ

С.Амарсайханы ярьснаар энэ мафийн сүлжээнд улс төрчид, бизнесийнхэн төдийгүй хууль хүчний байгууллагын удирдлагууд ч татагдан орсон гэх. Үнэндээ энэ бол цоо шинэхэн сэдэв биш. Хэдийнээсээ хар тамхи, мөрийтэй тоглоом, хууль бус олборлолт, элдэв болж бүтэхгүй хууль бус бүхний ард хууль хүчнийхэн, "хөрөнгөжсөн" гэх тодотголтой хурандаа нар өөрсдөө байдаг гэж явган яриа улиг болтлоо яригдаж ирсэн нь үнэн. Товчхондоо, хуулийн байгууллагад суусан "нууц ноёнтнууд" тэмцэх ёстой хүмүүстэйгээ нэг халаасанд орж, үүрэг даалгавар өгч авалцаж цаашилбал "Хэргийг нь битгий мөрд, хаа зогсоо" гэдэг үүргийг ч өгдөг гэнэ. Хариуд нь мэдээж халаас нь зузаарна. Үнэхээр ч ийм бохир аргаар, ийм зүй тогтлоор халаас нь зузаардаг юм бол "Хөрөнгөжсөн хурандаа" нар гэх хэллэг үүсэлгүй яах вэ дээ.

Нөгөө талдаа хэрэг шийдэх эрх мэдэл ч үгүй "хурган" дарга нар ийм асуудалд жижиг рольд л тоглоно. Гол ролийг томчууд нь гүйцэтгэдэг гэсэн үг юм. Харин С.Амарсайхан энэ мафийн жижиг "жараахай"-нуудыг өчигдрийн мэдэгдэлдээ дурьдаад амжина лээ. Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад өнгөрөгч сард чөлөөлөгдсөн хурандаа Б.Оюутболд. Түүнийг ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг гэв. Тэр байтугай уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг байсан ч гэх.

Өөр нэгэн жишээ. Хуурамч гомдол гаргаж жирийн нэг бизнес эрхлэгч залууг шоронд хориулчихсан гэх "Урьхан"-ы Б.Чинбаттай холбоотой хэргүүд нь нийгэмд гарахад өнөө л цагдаа, прокурор, шүүхийн хөрөнгөжсөн хурандаа нарыг хөдөлгөдөг гэх яриа хөвөрч байсан нь саяхан. Ингэхдээ хүн дээрэмдэж хөлжсөн хэргүүдийг нь хуулийнхан "зохицуулж өгдөг" байсан юм биш үү гэх хардлага ч үүсээд амжсан.

Ер нь муу бүхний ард хурандаа нар байдаг гэх мэдээ мэдээллийг гүүглээс хайхад түм бумаараа гарч ирнэ.

Эцэст нь, С.Амарсайханы дэлгэсэн зүйлс үнэн бол, үнэхээр бохир бүхний ард хуулийнхан өөрсдөө байгаа бол асуудал ганц, хоёр “хөрөнгөжсөн хурандаа”-гаар дуусахгүй. Энд хөрөнгөжсөн хурандаа нарыг хөрөнгөжүүлдэг нөхдүүдийн асуудал ч давхар яригдах учиртайг санах нь зүй биз ээ.

Ер нь тэгээд бид хэдэн их наядаар нь идэж, улсаа тонож байна гэж улстөрчид дээр л цамнадаг болохоос үнэндээ тэднээс "бохир тоглодог" нөхдүүд хуулийн байгууллагын дээвэр дор нуугдаж суучхаад, хэрж бий болгосон сүлжээгээ удирдаад явсан юм биш биз...

ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн түр орлох вэ
ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн түр орлох вэ
 
Үй Хуагийн хамгийн их маргаан дагуулсан романуудын нэг “Ахан дүүс” монгол хэлнээ
Үй Хуагийн хамгийн их маргаан дагуулсан романуудын нэг “Ахан дүүс” монгол хэлнээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!