
Ой, хээрийн түймрийн 8 дуудлага бүртгэгдэж, гурван түймрийг унтрааж байна Онцгой байдлын байгууллагад энэ долоо хоногийн 14-17-ны өдрүүдэд дөрвөн аймаг, нийслэлийн нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өнөөдөр /2026.09.17/ 10:30 цагийн байдлаар эдгээрээс гурван түймрийн голомтод унтраах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд гарсан түймэр энэ сарын 15-ны 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт хил даван орж ирсэн байна.
Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн мэргэжлийн анги, байгаль хамгаалагч зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байна. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын амын “Их Халзангийн-Энгэр” гэх газарт есдүгээр сарын 16-нд ойн түймэр гарсан дуудлага бүртгэгдсэн. Гал түймрийг есдүгээр сарын 16-ны 18:15 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг ажиллагаанд нийслэлийн болон дүүргүүдийн Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 66 алба хаагч оролцжээ. Урьдчилсан байдлаар түймэрт зургаан га орчим талбай өртөж шатсан байна. Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан хонхор” гэх газарт есдүгээр сарын 17-ны 07:20 цагт хээрийн түймэр гарсан дуудлага хүлээн авсан байна.
Түймэр гурван километр урт, 500 метр өргөн тархсан бөгөөд 10:43 цагт цурамд оруулжээ. Одоогоор уг түймрийг бүрэн унтраахаар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид болон нутгийн иргэд ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагаас түймрийн эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Иймд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины иш, цог, түүдэг гал болон үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөж байна.
Мөн айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, гэр, сууц, хашаа хорооны эргэн тойронд түймрээс хамгаалах зурвас татах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зулыг асааж орхихгүй байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!