
Өглөөний хичээлдээ яарсан хүүхдүүдийн хөл хөдөлгөөнтэй зэрэгцээд сургалтын төвүүдийн үүдэнд ч бас жижигхэн цүнх үүрсэн, спортын хувцас барьсан хүүхдүүд харагдана. Хичээлээсээ тараад шууд сагсан бөмбөгийн бэлтгэлдээ явах нэг нь байхад, бүжгийн дугуйландаа яарах, усан сэлэлтийн хувцсаа барьсан хүүхэд ч байна.
Өнөөдөр хүүхдээ хөгжүүлэх боломж өмнөхөөсөө хавьгүй олон болжээ. Спорт, урлаг, хэл, хөгжим, математик, роботик гээд хүүхдэд санал болгох сургалт, дугуйлан цөөнгүй. Эцэг эхчүүдийн хувьд ч хүүхдээ багаас нь олон зүйлд сургаж, ирээдүйд нь хэрэг болох чадвар эзэмшүүлэхийг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдээ хөгжүүлэх гэсэн энэ хүсэл хэзээнээсээ хүүхдэд ачаалал болж эхэлдэг вэ.
Нэг талаас секц, дугуйлан хүүхдэд шинэ зүйл сурах, найз нөхөдтэй болох, өөрийн сонирхлыг хөгжүүлэх боломж өгнө. Нөгөө талаас хичээл, сургалт, дугуйлангийн хуваарь хэт олшрох үед хүүхдийн амрах, тоглох, өөртөө цаг гаргах боломж багасах эрсдэлтэй.
Секц, дугуйлан бүр хүүхдэд дарамт болдоггүй. Хүүхэд өөрөө сонирхож, дуртай зүйлээ сонгон хичээллэж байгаа тохиолдолд энэ нь найз нөхөдтэй болох, шинэ зүйл сурах нэг боломж болдог.
Гуравдугаар сургуулийн усан сэлэлтээр хичээллэдэг нэгэн сурагч хичээлийнхээ хажуугаар дугуйланд явдаг ч өөрт нь чөлөөт цаг үлддэг, хамгийн гол нь олон найзтай болсон нь таалагддаг байна.
Тэрбээр “Би хичээлийнхээ хажуугаар усанд сэлэх дуртай болохоор усан сэлэлтийн дугуйланд явдаг. Дугуйланд явж байгаад олон найзтай болсон болохоор хамт бэлтгэл хийж тоглодог болохоор гоё байдаг. Хичээл, дугуйлангаа амжуулаад чөлөөт цагаараа найзуудтайгаа тоглох, гэртээ байх цаг бас гардаг” гэв.
Түүний хувьд дугуйлан нь өдөр тутмын хуваарийг бүхэлд нь эзэлсэн зүйл биш, харин дуртай зүйлээ хийж, үеийнхэнтэйгээ харилцах нэг орчин болжээ.

Хүүхдийн сонирхол өөр байхад эцэг эхийн дэмжлэг ч мөн өөр хэлбэртэй байна. Бүжгийн дугуйланд явдаг хүүхдийн нэгэн ээжийн хувьд охиныхоо сонирхлыг дагаж, өөрийнх нь дуртай зүйлээр хичээллүүлэхийг чухалчилдаг. Тэрбээр хүүхдээ зөвхөн дугуйланд нь хүргэж өгөхөөс гадна завтай үедээ хамтдаа бүжиглэж, сонирхлыг нь ойлгохыг хичээдэг байна.
Нэгэн эцэг, эх “Би хүүхдийнхээ хүсэл сонирхлыг бүрэн дэмждэг. Манай хүүхэд бүжгийн дугуйланд явдаг. Өөрөө бүжиглэх их дуртай болохоор нь сонирхлыг нь дэмжээд явуулдаг. Би хүүхдэдээ цаг гаргаж чадсан үедээ хамтдаа бүжиглэдэг. Хүүхэд маань дуртай зүйлээ хийж байхад нь хамт байж, дэмжих нь надад ч гэсэн сайхан байдаг. Миний хувьд хүүхдээ заавал олон дугуйланд явуулах нь чухал биш. Харин өөрийнх нь сонирхож байгаа зүйлд нь дэмжлэг үзүүлж, хамт цагийг өнгөрөөх нь илүү чухал гэж боддог” гэв.

Хоёр өөр гэр бүлийн энэ хоёр жишээнээс харахад, хүүхдийн хөгжил заавал олон сургалтаар хэмжигдэхгүй. Нэг хүүхдийн хувьд секц нь найз нөхөдтэй болох орчин байхад, нөгөөгийнх нь хувьд эцэг эхтэйгээ хуваалцдаг сонирхол нь болж байна.
Харин хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй ачаалал нэмэгдэх үед асуудал өөрөөр тавигдана.
-ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ТҮҮНИЙ БҮХ ЦАГИЙГ ДҮҮРГЭХИЙГ ХЭЛЭХГҮЙ-
Сэтгэл зүйч Б.Уянгын хэлж буйгаар, хүүхдийг хөгжүүлэх, шинэ зүйл сургах нь мэдээж хэрэгтэй боловч үүнийг хүүхдийн нас, онцлогтой уялдуулах нь чухал байна. Тэрбээр хэлэхдээ,
“Хүүхдийн хөгжил, суралцах байдал нас насандаа өөр байдаг. Хүүхдийг хөгжүүлэх, аливаа зүйлийг сургах нь мэдээж сайн. Гэхдээ тодорхой хэмжээнээс хэтрэхээр хүүхэд стрессдэх, ядрах, сэтгэл зүйн хувьд дарамтад орох тохиолдол байдаг. Тиймээс эцэг, эхчүүд бусад хүүхэдтэй харьцуулаад энэ дугуйланд явж байна, тэр сургалтад явж байна гээд шууд хүүхдээ хамруулах биш, өөрийнх нь нас, онцлогийг мэдэх хэрэгтэй. Хүүхэд өөрөө суралцах, хөгжих, өөртэйгөө ярилцах, өөрөөрөө байх орон зайтай байх ёстой. Хэт их сургалт, секц, дугуйланд явуулснаар хүүхдэд "Би үүнийг заавал хийх ёстой" гэсэн дарамт үүсэж болно. Хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн нэгээс хоёр дугуйлан секцэд явуулахад л хангалттай байдаг” гэв.
Өөрөөр хэлбэл хүүхдийн өдрийн хуваарьт “хөгжүүлэх” цаг байхаас гадна зүгээр л өөрийнхөөрөө байх цаг ч хэрэгтэй. Ялангуяа 4-6 насанд энэ хэрэгцээ бүр ч чухал аж. Энэ насны хүүхэд тоглож байхдаа бусадтай харилцаж, асуудлыг өөрөө шийдэж, төсөөлөн бодож, туршиж үздэг.
Сэтгэл зүйч Б.Уянга: “4-6 насны хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл бол тоглох. Хүүхэд тоглож байхдаа маш олон зүйлийг сурдаг. Бусадтай харилцана, асуудлаа шийднэ, төсөөлнө, өөрийнхөө санааг гаргана. Өмнө нь хүүхдүүд гадаа гараад хоорондоо тоглож байгаад муудалцана, эвлэрнэ, асуудлаа өөрсдөө шийднэ. Харин одоо хүүхдүүдийн чөлөөтэй тоглох боломж багассан. Зарим хүүхэд бүр гадаа гараад яаж тоглохоо мэдэхгүй байх тохиолдол байна. Амьдралыг нь хэт их зохион байгуулж, бүх зүйлийг нь томчууд шийдээд байхаар хүүхэд өөрөө хөгжих, бусадтай харилцах, шийдвэр гаргах боломж нь багасдаг. Тэгээд бүх зүйл дээр "Би одоо яах вэ, энийг яах вэ" гэж заавар хүлээдэг болчихдог. Хүүхэд өөрөө хийж, өөрөө туршиж байж суралцдаг. Томчууд бүхнийг нь шийдээд, алдах боломж өгөхгүй байвал хүүхэд өөрөө шийдвэр гаргаж сурахгүй” гэв.

Өнөөдөр зарим хүүхдийн нэг өдөр хичээлээс эхэлж, сургалт, секцээр үргэлжилсээр гэрийн даалгавраар дуусдаг. Ийм хуваарийн дунд хүүхэд өөрөө юу хийхээ сонгох, найзтайгаа тоглох эсвэл зүгээр л амрах цаг хэр үлдэж байгааг эцэг, эхчүүд анзаарах шаардлагатай.
Хүүхдийн анхаарал төвлөрөл, зан төлөвтэй холбоотой ойлголтууд сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд илүү их яригдах болсон. Гэхдээ хүүхэд хөдөлгөөнтэй байх, удаан сууж чадахгүй байх, анхаарал нь сарних зэрэг зан үйлийг шууд ямар нэг оноштой холбон тайлбарлах нь зөв биш.
Б.Уянга энэ талаар “Одоо үед ADHD, ADD, OCD гэх мэт зүйлсийн талаар их ярьдаг болсон. Гэхдээ хүүхдийн аливаа зан үйлийг шууд оноштой холбож тайлбарлах нь зөв биш. Эхлээд хүүхдийн орчин ямар байна, тоглох хангалттай боломж байна уу, өөрөөрөө байх цаг байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хүүхэд өөрөө хийж, өөрөө туршиж байж сурдаг. Бид бүхнийг нь заагаад, энэ ёстой, тэр ёстой гээд байвал хүүхэд өөрийнхөө шийдвэрийг гаргаж сурах боломжгүй болно. Тиймээс хүүхдэд тоглох, бодох, туршиж үзэх боломж өгөх нь чухал” гэв.
Хэрэв хүүхдийн зан төлөв, анхаарал төвлөрөлд удаан хугацаанд санаа зовохуйц өөрчлөлт ажиглагдвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Харин өдөр тутмын зан үйлийг нь ойлгохдоо хүүхдийн ачаалал, амралт, тоглох боломж, гэр бүлийн орчин зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь анзаарах хэрэгтэй.
ХҮҮХДИЙН “АЖИЛ” ЮУ ВЭ
Секц, дугуйлан хүүхдийн хөгжилд хэрэгтэй. Гэхдээ хүүхэд бүрийн хэрэгцээ адилгүй.
Нэг нь усан сэлэлтээр хичээллэж, найз нөхөдтэй болж байна. Нөгөө нь бүжигт дурлаж, ээжтэйгээ хамт бүжиглэн цагийг өнгөрөөж байна. Харин зарим хүүхдийн хувьд өнөөдөр хамгийн хэрэгтэй зүйл нь ямар нэг шинэ зүйл сурах биш, зүгээр л тоглох байж болно.
Тиймээс хүүхдээ дараагийн дугуйланд нь бүртгүүлэхийнхээ өмнө “Манай хүүхэд үүнийг өөрөө хүсэж байна уу”, “Хэт ядарч байна уу”, “Тоглож, амрах цаг нь үлдэж байна уу” гэж асуух нь зүйтэй.
Б.Уянгын хэлсэн нэг өгүүлбэр энэ бүхний голыг тун энгийнээр хэлж байна. Тэрбээр,
“Насанд хүрсэн хүмүүс бид өдөрт найман цаг ажилладаг. Тэгвэл хүүхдийн ажил юу вэ гэвэл тоглох. Тоглож байхдаа хүүхэд хамгийн сайн хөгжиж байдаг. Тиймээс тоглох цагийг нь хасаж болохгүй. Харин ч хүүхдийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй зүйл гэж ойлгох хэрэгтэй” гэв.

Хүүхдээ хөгжүүлэх хүсэл эцэг, эх бүрд бий. Гэхдээ хүүхдийн хөгжлийг хэдэн дугуйланд явдгаар нь хэмжих боломжгүй.
Заримдаа хүүхдэд хамгийн том дэмжлэг нь дараагийн сургалтыг нь сонгож өгөх биш, өөрийнх нь сонирхлыг сонсох, хамт цагийг өнгөрөөх, өөрөөр нь шийдүүлж үзэх, бас зүгээр л хүүхэд байх боломжийг нь үлдээх байж болох юм.
Учир нь хүүхдийн хөгжил бол уралдаан биш. Хүүхэд бүр өөрийн хурдаар өсөж, өөрийн сонирхлоороо замаа олдог гэдгийг сэтгэл зүйчид онцолж байлаа.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!