
Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүрэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан болон бусад төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл Монгол Улсын ардчилал, засаглалын тогтолцоонд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийн бодит орлого буурч байгаа асуудлыг хөндөж, үүнийг тогтолцоо, засаглал болон улс төрийн хүчний өөрчлөлттэй холбон тайлбарласан байна.
Мөн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг ардчиллын дараагийн давлагаа хэмээн тодорхойлж, хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд ардчилагчид манлайлан оролцох шаардлагатайг хэлсэн юм. Харин Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Ц.Баатархүү тус хөдөлгөөнөөр дамжуулан улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэй хамт тодорхойлж, бодит шийдлийг боловсруулах зорилготойг онцоллоо.

Түүний хэлснээр, 2026 онд Монгол Улсын эдийн засаг цаасан дээр өссөн үзүүлэлттэй байгаа ч өрхийн бодит орлого 5 хувиар буурсан бөгөөд аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар судалгаагаар тогтоосон байна.
Тэрбээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Чингэлтэй дүүргийн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Адъяасүрэн дүүргийн сүүлийн 30 жилийн хөгжлийн асуудлыг хөндөж, иргэдээс бодит өөрчлөлт гарсан эсэхийг асуух шаардлагатай гэж хэллээ.
Хөдөлгөөний хүрээнд иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, боломжит шийдлүүдийн талаар хэлэлцсэн байна. Иргэдээс гарсан санал, хэрэгцээ, шийдлийг нэгтгэн АН-ын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь болгохоор төлөвлөжээ.



Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!