Баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх “MINING WEEK-PRO 2026” эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ болох “Mining Week – Mine Pro 2026” өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин болон ногоон шилжилтийн талаар онцоллоо.

Тэрбээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийг хөрөнгө удирдлагын мэргэшсэн институт болгон шинэчилж, дэлхийн тэргүүлэх хөрөнгийн менежментийн компаниудтай хамтран ажиллаж буйг мэдээлэв. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зарчмыг тусгасан.

Харин Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн бүтээгдэхүүний орлогын 20 хувийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх зохицуулалтыг тусгаж, эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эрдэс баялгийн салбар Монгол Улсын ДНБ-ий 33 хувь, экспортын орлогын 96 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 29 хувийг бүрдүүлж байна.

Энэ жилийн “Mining Week – Mine Pro 2026” арга хэмжээнд 15 орны 20 мянга гаруй зочид, төлөөлөгч, 350 гаруй байгууллага оролцож байна. Арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлт, цахилгаан техник нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, ногоон санхүүжилт татах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах сургалт боллоо
Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах сургалт боллоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!