
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр удган Б.Булнай ХЗДХЯ-ны гадна ирж, өөрт нь холбогдуулан явуулж буй шалгалт, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хүний нэр, ус дурдаагүй, эмэгтэйчүүдийн эрх болон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ирсэн гэдгээ мэдэгдэв. Мөн бодит кейсүүдээс сэдэвлэсэн 400 гаруй нийтлэл, мэдээллийг цахим орчинд нийтэлсэн бөгөөд дагавар охинтой ээжүүдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилготой байсан гэж тайлбарлалаа.
Б.Булнайгийн хэлснээр энэ сарын 13-ны 16:00 цагт түүнийг Дашцэрэн гэх хүнтэй уулзуулахад “Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ, тохиролцъё” хэмээн сүрдүүлсэн байна. “Махны машин” гэх үг ямар учиртайг тодруулахад тухайн хүн “Манай эзний хүсэл” гэж хариулсан бөгөөд эзэн нь хэн болохыг асуухад С.Амарсайхан сайдыг нэрлэсэн хэмээн ярив.
Мөн уг уулзалтаас гарснаас нь хойш 10 минут ч болоогүй байхад түүн рүү дахин залгаж, байгаа газарт нь очсон гэж мэдэгдэв. Үүнтэй холбоотой камерын бичлэгийг ТЕГ-т эх хувиар нь өгсөн гэдгээ Б.Булнай хэллээ.
Түүнчлэн Хөвсгөлд амарч байх үед нь С.Амарсайханы гомдлоор шөнийн цагаар байцаалт авсан, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр гар утсанд нь нэгжлэг хийж, Viber болон чат мэдээллийг үзсэн гэх гомдлыг гаргав. Б.Булнай мөн 74-16 УНК улсын дугаартай автомашин өөрийг нь байнга дагаж мөрдөж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд автомашиныг зогсоож асуухад “Ажлаа хийж байна, мөрдөн байцаагчаасаа асуу” гэсэн хариулт авсан хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр мөрдөн байцаагч нь “шалгалтын ажиллагаа явж байна”, харин хяналтын прокурор нь “дээрээс өгсөн үүрэг” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дарга түүн рүү залгаж, “Бичлэгээ устгахгүй бол ялын зүйл анги нэмнэ” гэж сүрдүүлсэн гэх мэдээллийг өглөө. Б.Булнай дээрх үйлдлүүдийг өөрийн эрх зөрчигдөж байгаа хэлбэр гэж үзэж, С.Амарсайхан сайдтай нүүр тулан уулзаж, өөрт нь тавьж буй асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!