
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчсөнтэй холбоотой 71 зөрчил энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар бүртгэгдэж, прокуророос хяналт тавьжээ.
Үүнээс 39 зөрчил нийслэлд, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”, 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээд холбогдон шалгагджээ.
Сүүлийн жилүүдэд эм, бэлдмэлийн нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ энэ салбарын хууль тогтоомж зөрчсөн тохиолдол мөн өссөн байна. Тухайлбал, 2023 онд 107, 2024 онд 178, 2025 онд 222 зөрчил бүртгэгджээ.
Мөн 2026 онд дээрх зөрчлийг үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд нийт 109.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас одоогоор 57.9 сая төгрөгийг төлүүлсэн байна. Эдгээр зөрчилд эм зүйч, жор баригч, эмчээс гадна эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд ч холбогдон шалгагдах тохиолдол бүртгэгджээ.
Холбогдох байгууллагын мэдээлснээр зөрчлийн зарим шалтгаан нь салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, ойлголт хангалтгүй байгаатай холбоотой байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!