М.Энхцэцэг: Тендерт оролцсон хүн бүрийг харлуулж намнадаг хуучин технологи чинь орчин үед ажиллахгүй шүү

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 57 секунд

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй нөхөр С.Батхүрэлийнхээ “Бодит чадал” компаниар тендер авдаг гэх болон эрчим хүчний салбарын бусад асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд та “Тендерийн мадаам” гэх нэр зүүгээд байна. Өнгөрсөн хугацаанд танай нөхрийн “Бодит чадал” компани төрөөс зарласан хэдэн удаагийн тендерт шалгарсан байдаг юм бэ. Үнэхээр шударгаар шалгарсан уу эсвэл давуу байдлаар шалгарсан уу?

-Оюу толгойн СЭХ-ийг дотоодоос хангах тендерийг Эрчим хүчний яам олон нийтэд мэдэгдэхгүйгээр зарласныг олон нийтэд гаргаж тавьсан. Энэ нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хараат байдлыг нэмэгдүүлэх төсөл. Бид Тавантолгойн станцыг барьж байж Оюу толгойн эрчим хүчийг дотоодоос хангана гэдэг бодлогыг УИХ, ЗГ-аар баталсан. Гэтэл 600 мВт-ын сэргээгдэх эрчим хүч бариад Оюу толгойг эрчим хүчээр хангана гэдэг бодлого хаана ч хэзээ ч яригдаж байгаагүй. Гэтэл 600 мВт гэх хүчин чадлаа хүртэл нуугаад явж байгааг нь гаргаж тавьсны төлөө над руу хэлэх, хэлэхгүй үгээр дайрч, доромжилж, гутааж, асар их хэмжээний мөнгийг хэвлэлд зарцуулж байгаа гэж харж байна. Маш харамсалтай.

Үнэхээр намайг гутаан доромжлоод эрсдэлүүд нь алга болдог бол хамаа алга. Намайг та бүхэн мэдэж байгаа. Австралид ахлах инженерийн ажил хийж байсан ч эх орныхоо төлөө зүтгэе гэж ирээд ажиллаж байгаа. Манай нөхрийн хувьд 2011 оноос хойш буюу 15 жилийн хугацаанд нарийн мэргэжлээр бизнес эрхлээд явж байгаа.

Тендерт хямд үнэ, чанараар өрсөлдсөн хүн бүрийг “Баба” гээд байвал энэ улсад хэн ажил хийх юм бэ, хэн мэдсэн сурсан зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах юм бэ.

Тиймээс үнэхээр их харамсаж, өрөвдөж байна. Би айж ичээд дуугүй болно гэвэл үгүй. Надад хууль зөрчсөн, хулгай хийсэн юм алга. Тендерт орсон хүн бүрийг хулгай хийсэн мэтээр харлуулж намнаад, дуугүй болгодог технологи өмнө нь байсан юм байлгүй. Тэгвэл уучлаарай, орчин үед тийм юм ажиллахгүй шүү. Харин тэд айх, нуух юмтай байна.

Та бүхэн бод доо. Яамныхаа шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлээгүй, ТЭЗҮ-ийг боловсруулаагүй, мВт хэмжээгээ ч нууцлаад байна гэдэг чинь яаж ч бодсон маш том асуудалтай учраас би олон нийтэд гаргаж тавьсан.

Мянган сайхан батарей тавиад 1350 метрийн гүн дэх эрсдэлтэй уурхайг СЭХ-ээр хангана гээд сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бол эрчим хүчний салбар, хараат байдлыг эрсдэлд оруулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг үнэхээр их асуудалд оруулна.

Би Тавантолгойн станцаа барих ёстой. Гэвч Тавантолгойн станц барих ажлаа бүр байхгүй болгож байна. Яагаад гэвэл Тавантолгойн ганц хэрэглэгч чинь Оюу толгой. Яагаад Тавантолгойг барихгүй байгаа юм бэ гэхээр “Хөрөнгө оруулалт олдохгүй байна” гэж байгаа. Тэгвэл яагаад хувийн хэвшлийнхэн Бөөрөлжүүтийн ЦС-ыг бариад байгаа юм бэ.

Асуудал, эрсдэлийг нь ярьсан хүмүүст харин ч баярлаж хамт суугаад шийдэл ярих ёстой байтал “Өө, чи тарган, туранхай, муухай байна” гэдэг нь эх оронч үзэл биш. Тэр хүмүүсийг би өрөвдөж байна.

-“Бодит чадал” компани 2020 онд “Дулааны тоолуур худалдан авах” 23.3 тэрбум төгрөгийн тендерт ганцаараа шалгарч авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Би өөрөө 10-аад жил Австралид ажилласан. Нөхөр маань ирэн очин ажлаа хийж байсан болохоор ямар ямар тендер авсан талаар мэдээлэл алга.

Харин 23.3 тэрбумын тендерийн мэдээлэл гарангуут би нөхрөөсөө асуусан. Тэгэхэд, “ХҮН намын дулааны шугам сүлжээний менежер хийж байгаа нэг нөхөр “Та компаниараа тендерт ороод өгөөч ээ” гэсэн талаар ярьсан. Тэр нь 23.3 тэрбумын тендер ч биш, нийлүүлснээрээ санхүүждэг юм шиг байгаа юм. Та бүхэн гүйцэтгэлийг нь харвал, сая төгрөгийн ч гүйцэтгэлгүй байгаа. Нээх сүртэй гүйцэтгэл хийгдээгүй учраас 23.3 тэрбумын санхүүжилт манай нөхрийн компаниар орж өөр компанид шилжээгүй гэсэн үг.

-Булганд очоод айраг ууж, шагай харвасан болохоос ЗГ-ыг огцруулах асуудал яриагүй-

-Танай намын “30-ийн тал”-ын гэх гишүүд Булган аймагт уулзах үеэрээ ЗГ-ыг огцруулахаар ярилцаж, нэг нэг сайдыг амлаж авсан учраас та Б.Найдалаа сайдыг “онилж” байгаа гэх мэдээлэл бий. Тийм зүйл болоод байна уу?

-Уучлаарай. Бид Булганд хоёр өдөр байсан. Эхний өдөр яалт ч үгүй айраг уух соёлтой л танилцсан. Би тэр үед “Шавиа” гэдэг сандал дээр нь сууж бүх хүнтэй хуруудаад өдөржин айраг уусан. Дараагийн өдөр нь шагайн харваа болсон. Өө, би чинь бараг шагайн харваа сурах шахсан.

Харин ямар нэг улс төрийн буюу Засгийн газрыг огцруулах яриа огт болоогүй, би тийм ярианд ч оролцоогүй. Бид чинь та нартай л адилхан хүн шүү дээ. Яагаад айраг уугаад салхинд гарч болохгүй гэж.

Б.Найдалаа сайдын асуудлын тухайд үнэхээр том асуудал байгаа биз дээ. Ийм асуудалд би гаргаж тавихгүй бол УИХ-ын гишүүн болсны хэрэг юу байгаа юм бэ. Маш эрсдэлтэй асуудал байхгүй юу.

Одоо та бүхэн харж байна. Төсвийн тодотгол дээр “Хятадаас эрчим хүч авах” 50 тэрбумын татаас орж ирлээ шүү дээ. Энэ татаасаа аль аймгийг алдах гэж байгаа юм бэ гэсэн чинь “Өмнөговь” гээд хариулж байна билээ. Дараа жил Дундговь, Дорноговь гээд бүх аймгийг Хятадаас эрчим хүчний хараат болгоно гэвэл байж болохгүй асуудал. Үүнийг ҮАБЗ болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор оруулж хэлэлцэх ёстой.

Монгол Улсад эрчим хүч хэзээ хамгийн их дутагдалтай байдаг вэ гэхээр зөвхөн өвлийн гурван сард 17.00-21.00 цагийн хооронд буюу маш богино хугацаатай. Тиймээс энэ богино хугацааны дутагдлыг нөхөх эх үүсвэрээ бий болгох хэрэгтэй. Тэр 50 тэрбумаар бид батарей станцыг зургаахан сарын дотор ашиглалтад оруулаад оргил ачааллын үеийг давах ёстой болохоос богино хугацааны дутагдлаас болж эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлэн, хэрэглэгчээ гадагш алдах юм хийчхээд уурлаад, түнтгэнээд, тонтогоноод асар их мөнгийг хэвлэлд зарцуулж байна гэдэг чинь үнэн харамсалтай.

Харин ч би тэр хүмүүсийг хэрэгт орохоос аварч байгаа. Асуудлыг гаргаж тавьсан надад баярлах ёстой байхгүй юу. Уурлахаа урдаа бариад байвал уланд нь байгаа алтыг харж чадахгүй гэж би хэлмээр байна.

-Шадар сайд Т.Доржханд доороо маш өндөр цалинтай, зардалтай Экспортын хэлтэс байгуулчихсан-

-МАН, ХҮН нам хоёулаа ЗГ-т хамтарч байгаа энэ үед хамтрагч намаа улстөржиж харлуулаад байна гэх асуудал ч хөндөгдөж эхэллээ. Энд та юу хэлэх вэ?

-Ёстой тийм юм байхгүй. Эрчим хүчний яамны хийж буй зарим ажилд үнэхээр талархалтай байгаа. Сайн зүйлийг нь “Сайн” гэж хэлнэ. Эрсдэлтэй асуудлыг нь гаргаж тавихаар л “Улстөржлөө” гээд байх юм.

Жишээлбэл, 790 сая төгрөгөөр “Цахилгаан эрчим хүчний стратеги боловсруулах” гэдэг дээр би үнэхээр харамссан. Яагаад гэхээр, ЭХЯ-ны хуулийн өмнө хүлээсэн үүрэг нь энэ салбарын стратеги бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх. Тийм ч учраас ЭХЯ дотроо Стратеги төлөвлөлт бодлогын хэлтэс гэж байдаг. Тэр хүмүүсийн хийх ёстой ажлыг Шадар сайд нь 790 саяын тендер болгочихсон байна. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.

Мөн ЭХЯ-тай давхцуулаад Шадар сайд Т.Доржханд доороо маш өндөр цалинтай, зардалтай Экспортын хэлтэс байгуулчихсан. Нөгөө хэлтэс нь таван өгүүлбэртэй стратеги боловсруулж чадахгүй байгаад маш шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
 
Г.Занданшатар С.Амарсайхан руу хариу ямар мессеж өгөв
Г.Занданшатар С.Амарсайхан руу хариу ямар мессеж өгөв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!