Ерөнхийлөгчийн яаралтай хурал: Ялгаварлан гадуурхалт, монгол хэл, оршуулга зэрэг Баян-Өлгийтэй холбоотой асуудлыг онцолж хүчнийхэнд үүрэг өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.09.16/ Төрийн ордонд яаралтай хуралдаан зарлаж, Засгийн газрын зарим сайд нар болон хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзсан. Тодруулбал, уулзалтад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ажлын албаны дарга Д.Ариунболд болон ЦЕГ-ын дарга Ж.Болд, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн тэргүүтэй хуулийнхнаас гадна ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн ч дуудагдан оролцсон юм. Харин ЗГ-аас Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар оролцсон. Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн эл уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ өгсөн үүрэг даалгавруудынхаа хүрээнд дээрх албан тушаалтнуудад холбогдох үүргийг өгсөн аж.

Нэг. Ялгаварлан гадуурхах асуудалд онцгой анхаарах

Монгол Улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ, боловсрол, шашин шүтлэгээрээ ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй гэдгийг онцгойлон анхааруулсан ба энэ асуудалд бүх түвшиндээ анхаарахыг сануулжээ. Тэр дундаа төрийн албан хаагчдын дунд яс үндсээр ялгаварлан гадуурхах явдлыг гаргахгүй байхад анхаарч, казах болон монгол төрийн алба хаагчдын тоог харьцуулж, мэдээлэл өгөхийг ТАЗ-ын дарга Л.Цэдэвсүрэнд үүрэг болгосон байна.

Хоёр. Төрийн ажил, албан хэрэг хөтлөлтийг монгол хэлээр явуулах

Төрийн албан ёсны хэл бол Монгол хэл. Иргэн бүр төрөлх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Энэ утгаараа төрийн ажил, архивын баримт бичгийг монгол хэлээр хөтлөн явуулах цаашилбал бүх түвшинд монгол хэлээр ярьдаг байхад анхаар гэжээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс казах иргэдэд монгол хэлээ сурч, түүгээрээ ярих хүсэл эрмэлзэл их байгааг дурдаад зааж сургах чиглэлд нь сайн анхаарахыг Боловсролын яамны албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Гурав. Оршуулгын зан үйл болон газар нутгийн нэртэй холбоотой асуудалд анхаарч, арга хэмжээ авах

Казах иргэдтэй холбоотой олон нийтийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудал бол оршуулгын зан үйл юм. Тодруулбал, өвөлжөө, хаваржааны газарт оршуулгын бунхан, шарил тавих асуудал гарах болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс эл асуудлыг бүрмөсөн таслан зогсоож, хууль журмынх нь дагуу оршуулга үйлдэхийг хатуу анхааруулжээ. Мөн тухайн нутаг орны уул ус, газар нутгийн нэрийг казах болгож өөрчлөх асуудлыг дахин гаргаж болохгүйг анхааруулаад давтагдсан тохиолдолд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахыг хууль хүчний байгууллагын удирдлагуудад үүрэгджээ.

Хэрэв үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эв нэгдэлд хохирол учруулах үйлдлүүдийн эсрэг авч буй арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол дахин сануулна гэсэн ойлголт байхгүйгээр хуульд заасан дараагийн шатны арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх “MINING WEEK-PRO 2026”  эхэллээ
Баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх “MINING WEEK-PRO 2026” эхэллээ
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!