"Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам УДБЭТ-т өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм.
Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод 2022” наадмын шилдэг тайзны бүтээлээр УДЭТ-ын бүтээсэн Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг шалгарч “Мөнгөн мод” цомын эзэн боллоо.
Анна Каренина жүжиг нь 2020 оны 10 дугаар сарын 3-нд нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 54 удаа тоглож, 189 цагийг тайзнаа зарцуулж, 25 402 үзэгчдэд театрын урлагийн гайхамшиг, авьяас ур чадварыг мэдрүүлж байжээ.