Италийн Засгийн газар коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст хоёр тун вакцины нэг тунг хийхээр шийджээ.
Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст өвчилснөөс хойш гурван сарын дараа, зургаан сараас хэтрэхгүй вакцин хийлгэхийг зөвлөжээ. Вакциныг халдвар аваад хүнд өвчилсөн болон өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн аль алинд хийнэ гэж "Corriere della Sera" сонинд Засгийн газрын шинэ баримт бичгээс иш татан мэдээлсэн байна.
Дээрх шийдвэрийг Италид эрчимтэй тархаж байгаа коронавирусний шинэ хувилбараар дахин халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргажээ. Үүний зэрэгцээ цар тахал дэгдсэнээс хойш бараг 3 саяд хүрээд буй халдвар авсан хүмүүсийг вакцинжуулалтын хуваарьт хэрхэн оруулах нь тодорхойгүй байна.
Италийн Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 4 757 890 хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 1.5 сая хүнийг бүрэн дархлаажуулжээ.