
Завхан аймгийн Улиастай суманд хоногт 3000 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад орууллаа. Тус байгууламж нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийн хүрээнд баригдсан байна.
Нийт 16.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ цэвэрлэх байгууламж нь орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлсэн бөгөөд иж бүрэн лабораторитой аж. Өмнө нь Улиастай хотын бохир усыг 60 орчим хувийн цэвэрлэгээтэйгээр боловсруулдаг байсан бол шинэ байгууламж ашиглалтад орсноор 95-аас дээш хувийн цэвэрлэгээ хийх боломжтой болжээ.
Ингэснээр Улиастай хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын зэрэгцээ бохир уснаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм. Шинэ цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, төслийн гүйцэтгэгч “Смарт Вэйст Текнолоджис” ХХК-ийн төлөөлөгч Кшиштоф Хородецки, “Амь Ус” ХХК-ийн захирал Д.Мягмардорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Улиастай сумын удирдлагууд болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл оролцлоо.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!