ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ: Төрийн албан хаагчдын цалингийн хэт өсөлт нь хувийн хэвшилд дарамт болох хандлагатай байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 40 секунд

Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сарын 31-нд ирэх 2027 оны Төсвийн тухай хуулийг өргөн барьсан билээ. "Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн" гэх Н.Учралын Засгийн газрын өргөн барьсан төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд байхаар тусгасан билээ. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ямар дүгнэлт өгсөн талаар сонирхуулъя

-Өндөр орлоготой орнуудад төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 41.1 хувь байдаг бол Монгол Улсын 37.8 хувь байна-

Өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагыг 2027 онд 37.8 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 50 хувьд тус тус хүргэхээр тусгасан. Энэ нь таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтүүдээс харгалзан 7.8 болон 5.0 нэгж хувиар хэтэрсэн байгааг ТТБЗ дүгнэлтдээ дурджээ. Ингэхдээ төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 2026 оны байдлаар өндөр орлоготой орнуудад дунджаар 41.1 хувь, дунд орлоготой орнуудад 32.2 хувь байдаг. Гэтэл Монгол Улсын тухайд 37.8 хувь байгаа нь орлогын бүлгийн дунджаас хол давсан үзүүлэлт болохоор байна гэж үзжээ.

-Татварын орлогыг эдийн засгийн бодит нөхцөл, үйл ажиллагаатай уялдуулан тооцох шаардлагатай байна-

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2027 онд 9.3 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Үүний 3.9 их наяд төгрөг буюу 42 хувийг татварын орлого, 5.4 их наяд төгрөг буюу 58 хувийг татварын бус орлого бүрдүүлэхээр байна. Төрийн өмчит компанийн ногдол ашиг, түүнчлэн Оюутолгой ХХК-ийн ногдол ашиг төсвийн орлогын өсөлтийн гол бүрэлдэхүүн болж байгаа бөгөөд эдгээр нь тогтвортой байх эсэхээс цаашид төсвийн орлогын эрсдэл хамаарахаар байна.

Сүүлийн хоёр жилд татварын орлого төлөвлөсөн дүнгээс бага байх хандлагатай байгаа нь татварын орлогыг эдийн засгийн бодит нөхцөл, үйл ажиллагаатай уялдуулан тооцох шаардлагатайг харуулж байна гэжээ.

Түүнээс гадна татварын орлого төсвийн зарлагыг санхүүжүүлэх боломж хязгаарлагдсан нь орлогын бодлогод өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага болж байна.

-43 ИХ НАЯДЫН ЗАРЛАГА: Тогтворжиж байсан төсвийн зарлагын хандлага буцаад өндөр өсөлтийн төлөвт шилжиж байна-

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага өмнөх жилүүдийн тогтворжих хандлагаас эргээд өндөр өсөлтийн төлөвт шилжиж байна. Энэ нь голлон урсгал зардлын өсөлтийн шалтгаантай байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн дүн 2020-2024 онд дунджаар 21.5 хувиар өссөн бол 2025 онд 2.4 хувь, 2026 оны төсвийн тодотголын саналаар 8.4 хувь хүртэл буурч тогтворжиж байсан. Гэвч 2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлагыг 43 их наядаар төгрөгөөр төлөвлөж, 2026 оны төсвийн тодотгохоор өргөн мэдүүлсэн дүнгээс 9.6 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар огцом өсгөхөөр тооцоолжээ. Үүний дотор урсгал зардал 33 их наяд тэрбум төгрөг болж 7 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 10 их наяд төгрөг болж 1 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

Эндээс нийт зарлагын өсөлтийн 78.4 хувийг урсгал зардал, 21.6 хувийг хөрөнгийн зардлын өсөлт бүрдүүлж байгаа нь харагдана. Энэ нь төсвийн нийт зарлага өмнөх жилүүдийн тогтворжих хандлагаас эргэн өндөр өсөлтийн төлөвт шилжиж, зарлагын өсөлтийн гол хэсгийг урсгал шинжтэй зардал бүрдүүлж буйг илтгэнэ.

-Урсгал зардал өмнөх оноос 7.5 их наядаар өсөж байна-

Урсгал зардал өмнөх оноос 7.5 их наяд төгрөгөөр өсөж байгаа юм. Үүнийг задалж үзвэл цалин хөлс 1,5 их наяд төгрөг (20.0 хувь), бараа үйлчилгээний зардал 796.7 тэрбум төгрөгөөр (10.6 хувь), зээлийн үйлчилгээний төлбөр 273.5 тэрбум төгрөг (3.6 хувь), татаас 249.0 тэрбум төгрөг (3.3 хувь) тус тус нэмэгдэхээр байна.

-Төрөөс иргэдэд олгох тэтгэвэр тэтгэмж, урамшууллын зардал огцом нэмэгдэж байна-

Төрөөс иргэдэд олгох тэтгэвэр тэтгэмж, урамшууллын зардал огцом нэмэгдэж байгаа талаар ТТБЗ дүгнэлтдээ дурджээ. Тодруулбал, төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал 2023-2026 оны хооронд жилд дунджаар 24 орчим хувиар нэмэгдсэн бол 2027 онд 228.0 хувиар буюу 3.3 дахин нэмэгдэж эрс өсөхөөр байгаа юм. Иймд тэтгэвэр, тэтгэмж, иргэдэд олгох шилжүүлгийн өсөлтийг нийгмийн хамгааллын бодлогын зорилт, хамрагдах хүн амын тоо, нэг хүнд ногдох дэмжлэгийн хэмжээ, инфляц, ядуурал болон өрхийн бодит орлогод үзүүлэх нөлөөтэй уялдуулан авч үзэх шаардлагатай байна гэжээ.

-Цалин хөлсний зардлын өсөлт нь төсвийн төдийгүй эдийн засгийн томоохон асуудал болох шинжтэй байна-

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн бодлогыг төсвийн орлоготой бус эдийн засгийн нөхцөл байдал, бүтээмжтэй уялдуулан тодорхойлох нь чухал гэдгийг дүгнэлтэд тусгажээ.

Цалин хөлсний зардлыг 2027 онд 9,1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2026 оны тодотгосон дүнгээс 1,5 их наяд төгрөгөөр буюу 19.5 хувиар нэмэгдэхээр байна. Төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт 211.6 мянган төрийн албан хаагчийг хамруулахаар тусгасан. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан ирэх онд 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Засгийн газраас цалин хөлсний нэгдсэн бодлого боловсруулж мөрдүүлэх, ялгавартай байдлыг арилгах талаар санаачилга гарган ажиллаж байгаа ч цалин хөлсний зардлын өсөлт нь төсвийн төдийгүй эдийн засгийн томоохон асуудал болох шинжтэй байна.

Цалин хөлсний зардал 2023 онд 40 хувь, 2024 онд 131 хувь, 2025 онд 16 хувь өссөн бол 2026 оны тодотгохоор өргөн мэдүүлсэн саналд 24 хувь, 2027 онд 20 хувиар өсөхөөр байна.

Иймээс цаашид төрийн албан хаагчдын цалинг ижил хувиар нэмэгдүүлэх зарчмаар бус, төрийн албан хаагчдын тоо, ажлын байрны хэрэгцээ, ажлын бүтээмж, үйлчилгээний чанар, гүйцэтгэл, үр дүнтэй нь уялдуулахад анхаарч, одоогийн цалин хөлсний тогтолцоо, хэрэгжүүлж буй бодлогыг эргэн харах шаардлагатай гэжээ.

-Төрийн албан хаагчдын цалин хөлсний хэт өсөлт нь хувийн хэвшилд дарамт болох хандлагатай байна-

Сүүлийн 10 жилд үндсэн болон нэмэгдэл цалин хөлсний зардал нийт зардлын 2028 онд 24.6 хувь, 2029 онд 29.2 хувийг эзлэхээр байна. Энэ нь өмнөх жилүүдийн өндөр өсөлтийн хандлага цаашид үргэлжилбэл төсөвт үүсэх дарамт ихээхэн нэмэгдэхийг харуулж байна.

Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин хөлсний хэт өсөлт нь цаашид төсвийн бодлогын гол эрсдэл төдийгүй хувийн хэвшилд дарамт болох хандлагатай байгааг анхаарах шаардлагатай байна гэжээ.

-Төсөвт эзлэх тэтгэврийн зардал 2028, 2029 онд ч нэмэгдэхээр байна-

Төсөвт эзлэх тэтгэврийн зардал зөвхөн 2027 онд төдийгүй 2028, 2029 онд ч нэмэгдэхээр байна. Өндөр настны тэтгэврийн зардлыг зөвхөн инфляцад суурилан тооцвол 2028 онд 6,219.4 тэрбум, 2029 онд 6,592.5 тэрбум төгрөгт хүрнэ. Энэ нь нэгдсэн төсвийн нийт зардлын 14.7-14.9 хувийг эзэлж жил бүр нэмэгдэхээр байна. Энэ хандлага нь тэтгэврийн шинэчлэлийг хурдасгах, төр хариуцах зардлыг бууруулах арга хэмжээ авах шаардлага үүсгэж байна.

-ТЕЗ нарын зардал 2027 онд 33 хувиар ӨСӨЖ БАЙНА-

Улсын төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн зардал 2027 онд 7.9 их наяд төгрөг буюу 33 хувиар өсөж байгаа бөгөөд үүний 87.2 хувийг эдгээр 9 ТЕЗ-ийн зардал бүрдүүлж байна. Ирэх оны төсвийн зарлагын өсөлтөд гол нөлөө үзүүлж байгаа ТЕЗ-ийн төсвийн зардлыг авч үзвэл,

-Боловсролын сайд 2,044.4 тэрбум төгрөг буюу өсөлтийн 25.7 хувь,

-Сангийн сайд 1,230.2 тэрбум төгрөг буюу 15.5 хувь,

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1,190.9 тэрбум төгрөг буюу 15.0 хувь,

-Эрчим хүчний сайд 675.8 тэрбум төгрөг буюу 8.5 хувь,

-Эрүүл мэндийн сайд 573.1 тэрбум төгрөг буюу 7.2 хувь,

-Хууль зүй, дотоодын хэргийн сайд 478.8 тэрбум төгрөг буюу 6.0 хувь,

-Зам, тээврийн сайд 476.0 тэрбум төгрөг буюу 6.0 хувь,

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 365.1 тэрбум буюу 4.6 хувь,

-Батлан хамгаалахын сайд 316.4 тэрбум төгрөг буюу өсөлтийн 4.0 хувьтай тэнцэх зардлыг 2026 оны тодотгохоор өргөн мэдүүлсэн дүнгээс нэмж гаргахаар төсөвлөсөн байна.

-ТӨК-иудаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх нь төсвийн нэгдмэл байдалд эерэг нөлөөтэй-

Төрийн өмчийн компанийн ногдол ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа нь төрийн өмчийн хяналт, нэгдмэл бодлогын хэрэгжилтэд эерэг нөлөөтэй гэдгийг ТТБЗ дүгнэлтдээ онцолжээ.

Тодруулбал, ЗГ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит хуулийн этгээдээс улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ. Ингэснээр төрийн өмчийн компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах, ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх нь төсвийн нэгдмэл байдлыг хангахад эерэг нөлөөтэй гэж үзэж буй аж.

Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан
 
Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ
Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!