Европын аваргын А хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байсан Италийн шигшээ баг Швейцарийг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авав. Ингэснээр эхний хоёр тоглолтдоо хоёуланд нь 3:0-ээр хожиж, 6 гоол орууллаа. Мөн 6 оноотой болж, хасагдах шатанд шалгарах нь ойлгомжтой болов.
Тоглолтын 26, 52 дахь минутад "Сассуоло" клубын хагас хамгаалагч Локателли дубль толилуулсан. Тэгвэл Иммобиле 89 дэх минутад энэ Еврогийн хоёр дахь гоолоо оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Харин Швейцарийн хувьд 1 оноотой хэвээр үлдэв.
Нөгөө талд энэ удаагийн Европын аваргын дуулиан шуугианыг тарьж магадгүй гэгдэж байсан Туркийн шигшээ баг Уэльстэй тоглож, 2:0-ээр хожигдлоо. Ингэснээр Турк эхний хоёр тоглолтдоо хожигдож, хэсгээс гарах найдлаггүй боллоо. Харин Уэльс 4 оноотой болж, хасагдах шатанд шалгарах өндөр магадлалтай болоод байна.
Уэльсийн супер од Бейл энэ тоглолтод гангарч, 2 дамжуулалт өгсөн. Эхний өгсөн дамжуулалтыг нь Рамзи "чулуу болгож", 42 дахь минутад гоолдсон. Дараа нь 90+5 дахь минутад Робертс нэг гоол оруулсан юм.
Хэсгийн гурав дахь тоглолтоо тэргүүлэгч Италийн шигшээ Уэльстэй хийнэ. Энэ тоглолтод Уэльсийн шигшээ ямар нэг байдлаар оноо зулгааж чадвал хасагдах шатанд шалгарах нь тодорхой. Харин хожигдвол бусад тоглолтоос шалтгаалах юм.
Тэгвэл Швейцарийн шигшээ Турктэй тоглоно. Швейцарьт зайлшгүй хожих л даалгавар үлдсэн. Тэгж байж хэсгээс хоёроор гарах боломжоо хайна.