TIMELINE: Намынхаа хагарлын талаар МАН-ын Генсек Я.Содбаатарын хэлсэн ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ байр сууриуд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 16 секунд

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд эрх баригч Монгол Ардын намын бүлэг хоёр талцан хуваагдаж, "зодолдсон" болохыг та бид нүдээрээ харлаа. Өнөөдөр ч энэ "зодоон" үргэлжилж буйг ХЗДХ-ийн шинэ сайдын томилгоог танилцуулахад 30-ийн бүлгийнхэн чуулганыг "бойкотлосон" үйл явдал нотлов. Хамгийн сонирхолтой нь, нүднээ илхэн байгаа энэ үйл явцыг үгүйсгэх ганцхан хүн байгаа нь намынх нь Генсек. Угтаа бол намын дотоод эв нэгдлийн асуудалд санаа тавих учиртай албан тушаалтнуудын нэг нь тэр өөрөө. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд хуваагдлын асуудалд түүний байр суурь нь хэдэнтээ өөрчлөгдөв. Зарим үед тэрбээр 30,38-ийн хуваагдал байхгүй гэж гүрийж байсан ч эцэстээ үнэнд гүйцэгдэж, эв нэгдлийг хангах ажилд өөрөө оролцож тодорхой уулзалтуудыг ч гишүүдийн өрөө бүрээр орж хийснээ мэдэгдсэн юм. Тэгвэл өөртэйгээ зөрчилдөн байж хийсээр байсан түүний "хагаралдаантай" байр суурийг TIMELINE болгон хүргэе.

2025.10.14 Манай нам талцаж, хуваагдаагүй. Санал зөрөлдсөн зүйл л бий

Энэ үе бол МАН намын даргаа сонгох Их хуралдаа бэлтгэж байх үе юм. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудал УИХ-ын босго даваад байв. Энэ үед МАН-ын бүлгийн гишүүд хоёр талд улс төрийн акц хийж буйг Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд мэдээлж байсан. Гэвч хуваагдлын асуудлыг намынх нь Генсек үгүйсгэсэн юм. Тэрбээр "Парламентын гишүүд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал зөрөлдөж байна. Энэ асуудлыг улс орны нийтлэг эрх ашгийн төлөө УИХ дахь намын бүлэг дээр уулзаж, ойлголцох болно. Манай нам талцаж, хуваагдаагүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

2025.10.28 Бүлэг хоёр хуваагдаад байгаа асуудалд эв нэгдлийг хангуулах Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа /Хагарал байгааг хүлээн зөвшөөрөв/

"Манай намд талцал хуваагдал байхгүй" гэж зарласнаас ердөө 14 хоногийн дараа тэрбээр бүлгийн хагарлыг хүлээн зөвшөөрөв. Хүлээн зөвшөөрөх нь байтугай эв нэгдлийг хангуулах ажлын эсэг байгуулснаа ч мэдэгдсэн юм. Энэ талаараа "МАН-ын гишүүд ойлголцохгүй, бүлгийн хэмжээнд хоёр хуваагдаад байгаа асуудлыг нэгтгэж эв нэгдлээ хангах чиглэлээр тодорхой үүрэг чиглэл авсан. Ингээд Удирдах зөвлөлөөс манай намын даргаар ажиллаж байсан ахмадуудаа оруулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдрийн дотор хоёр талтай уулзалт хийж, тодорхой шийдлүүд гаргана" гэсэн юм.

2025.11.15 МАН-ын 68 гишүүний талцал нь намд ирсэн маш том ачаа байлаа /Их хурлаар хагарлын асуудал нэг талдаа гарна гэв/

Энэ өдөр МАН-ын Их хурал болж, намын даргаар Н.Учралыг сонгосон байдаг. Энэ үед тэрбээр "Иргэдийн итгэл, гишүүдийнхээ амлалтыг яаж хадгалж биелүүлэх вэ гэдэгт анхаарсан, намын дотоод асуудлаа цэгцэлсэн Их Хурал болно. Намын Их Хурлын өмнө жаран наймын бүлэг дотроо талцаж хуваагдсан. Энэ бол намд ирсэн маш том ачаа байлаа. МАН-ын доргилт нийгмийн доргилт болж болохгүй" гэсэн юм.

2026.06.04 Манай нам одоо 30, 38 гэж хуваагдахаа больсон. Гомдол, тунирхал нь арай гайгүй болсон

Энэ үед тэрбээр намын их хурлаар хагарлын асуудал нэг талдаа гарсан болохыг хэлж байв. Тэрбээр "Манай нам одоо 30, 38 гэж хуваагдахаа больсон шүү. Нам дотор тодорхой томилгоо болон Их хуралтай холбоотойгоор гишүүд хуваагдах тохиолдол байсныг нуухгүй. Гэвч намын шинэ удирдлагуудын зүгээс болон миний бие олон удаагийн уулзалт, ойлголцлыг зохион байгуулж, хувь улстөрчид хоорондын харилцаан дээр хүртэл анхаарч ажилласан. Энэ утгаараа гомдол тунирхал нь арай гайгүй болсон болов уу гэж бодож байна" гэсэн юм.

2026.06.22 Хагарал, бутралтай юм шиг харагдах, түүнийг дэвэргэх хандлага байгаа болохоос МАН-д ямар нэг хагарал, бутрал байхгүй

Энэ өдөр МАН-аас орон нутгийн ИТХ-ийн нөхөн сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, хэвлэлийн хурал хийв. Хурлын үеэр МАН-ын Генсек эв нэгдлийн асуудалд дахин байр сууриа илэрхийлсэн ба жилийн өмнөх байр суурь руугаа буцсан байв. Тодруулбал, тэрбээр "МАН-ын бүлэг дээр 30:38 гэсэн хуваагдал байхгүй. Гишүүдийн бүрэн эрх учраас хагарал, бутралтай юм шиг харагдах, түүнийг дэвэргэх хандлага байгаа болохоос МАН-д ямар нэг хагарал, бутрал байхгүй" гэсэн юм.

2026.09.17 Манай намын бүлэгт 30:38 гэсэн хуваагдал байхгүй

Өчигдөр Төрийн ордонд ХЗДХ-ийн сайдын томилгоотой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан юм. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжсэн ба үүнтэй холбоотойгоор намын Генсек Я.Содбаатар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ намын хуваагдлын асуудал одоо ч үргэлжилж байгаа юм биш үү гэх олон нийтийн чих тавьж буй асуудалд "Манай намын бүлэгт 30:38 гэсэн хуваагдал байхгүй" гэх хариултыг өгсөн юм.

Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
 
СБД-ийн 19 дүгээр хороонд Баавгай орж иржээ
СБД-ийн 19 дүгээр хороонд Баавгай орж иржээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!