
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн захирал Б.Идэрээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Улиастай хотод баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Тосонцэнгэл хотод баригдаж буй Хүний хөгжлийн ордны барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлын тоо хэмжээ болон барилга угсралтын техникийн баримт бичгийг шалгажээ. Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцсан байна.
Мөн ажлын хэсгээс барилгын гүйцэтгэлтэй холбоотой зарим асуудлыг тодорхой болгож, шийдвэрлэх чиглэлээр орон нутгийн удирдлага, холбогдох алба хаагчдад зөвлөмж өгч ажиллажээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлсэн тус төвийн гүйцэтгэл одоогоор 40 хувьтай байна. Барилгын өрлөг, сантехник болон агааржуулалтын холболтын ажлууд хийгдэж байгаа аж.
Тус төв нь нийт 2000 метр квадрат талбайтай, авто гараж болон зоорийн давхар бүхий гурван блокоос бүрдэх гурван давхар барилга юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөсөн бөгөөд тэргэнцрийн агуулах, лифт, гадна болон дотор налуу зам, автомат удирдлагатай цонх, хаалга, дуут дохио, Брайль үсгийн тэмдэглэгээтэй байхаар төлөвлөжээ.
Мөн хурлын болон сургалтын танхим, хүүхэд хөгжлийн болон тоглоомын өрөө, кофе шопоос гадна уулзалт, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зориулалтын өрөөнүүдтэй байна. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд болон тэргэнцэртэй иргэдэд зориулсан хувцас солих тусгай өрөөг мөн төлөвлөжээ. Барилгын гүйцэтгэгчийн зүгээс хүйтрэхээс өмнө төвийг халаалтын системд холбож, өвлийн улиралд барилгын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн, ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа ажлын хэсэгт танилцуулсан байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!