Алибаба группийн хүргэлтийн жолооч ажил олгогчтойгоо цалингийн талаар маргаан үүсгэснээс болж өөрийгөө шатаажээ. Хятадын түгээлтийн жолооч нар албан бус ажил олголт, аюулгүй байдал, найдвартай хөлсний баталгаагүй байдалд ажилладаг хэмээн ажилчдын эрхийг хамгаалах нийгэмлэгүүд удаа дараа мэдээлж байв.
Хятадын зүүн хэсэг дэх Тайжоу хотод Лиү Жин нэртэй нэгэн жолооч өөрийгөө шатаасан бичлэг цахим орчинд таржээ. Тэрбээр Алибаба группийн хүнс түгээлтийн Ele.me платформын жолооч байжээ. Лиү Жин өөрийгөө шатаахаасаа өмнө “Би өөрийн хөдөлмөр, цус, хөлс, мөнгөө төлүүлж авмаар байна” хэмээсэн байна.
Галд түүний биеийн 80 хувь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн эмчилгээний зардал нь сая гаруй юань буюу 150 мянган ам.доллар болох урьдчилсан тооцоо гарчээ. Иймд иргэд Лиү Жинд зориулан хандивын аян өрнүүлж эхэлсэн байгаа юм.
Ele.me платформын удирдлагын зүгээс “Болсон эмгэнэлт явдалд бид гүнээ харамсаж байна. Нөхцөл байдлыг бид одоо шалгаж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгджээ. Болсон явдлын дараа маш олон жолооч Лиү Жинтэй адилхан нөхцал байдалд гацсанаа илэрхийлж байна.