Чингэлтэй дүүрэг маргаашаас эхлэн төвийн зургаан байгаа эм улиасуудыг тайрч, нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр болсон талаар тус дүүргийн менежер Н.Сугар мэдээллээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт нийт 1377 улиас мод бий. Үүний 538 нь эм буюу унгирал гаргадаг. Чингэлтэй дүүрэг эхний ээлжинд төвийн 6 хороонд 288 ширхэг эм улиасыг тайрч, нөхөн тарилт хийхээр болжээ.
Унгирлын улмаас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ хот тохижилтод зохиомол ачаалал үүсдэг байна. Нөхөн тарилт хийхдээ шинэс буюу шилмүүст мод тарих аж.
- Улиас модны хөвөнг гаргахгүйн тулд нэг модыг хэлбэржүүлэх зардал 150,000 төгрөг, 2020 онд 2500 ширхэгийг худалдаж авахад 60,000,000 төгрөг зарцуулсан. Жил бүр ийм хэмжээний зардал гарах шаардлагатай болдог.
- Улиас модны хөвөн харшил үүсгэдэг гэдэг нь нотлогдоогүй. Гэхдээ харшил хөдлөх шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Харшлыг сэдрээхгүй бол хөдлөхгүй байх боломжтой байдаг.
- Улиас модны үндэс нь хөрсийг хавж ургадаг. Ингэхдээ хөрсний чийгийг татдаг учраас хөрсний өнгөн хэсгийг хурайшуулдаг. Улаанбаатар хотод сул шороо ихтэй байдаг нь үүнтэй холбоотой. Харин шинэс модны үндэс нь гүн рүүгээ шигдэж ургадаг учир хөрсний чийг хадгалагддаг.
- Улиас модны үндэс хавж, тархаж ургадаг учраас хотын ногоон байгууламжид тохирохгүй. Тохижилт, ногоон байгууламж сүйтгэдэг. Барилгатай ойрхон ургасан улиас модны үндэс барилгын сууринд нөлөөлөх эрсдэлтэй.
Өмнө нь Улаанбаатар хот ногоон байгууламжийн аричлгаанд төсөв бага зарцуулахын тулд зардал багатай, өөрөө ургадаг Улиас модыг тарьдаг байсан. Харин одоо хотын ногоон байгууламжийн арчилгаа харьцангуй сайжирсан учраас усалгаа, арчилгаа тогтмол хийж байгаа юм байна.