Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна.
Харин хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Харин түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрэв та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө мэдээлэл аваарай.