Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН АЖИЛЛАГАА: 2023 оны жилийн эцсийн байдлаар БЗС-нд 1.2 сая ам.долларын эргэн төлөлт хийгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 32 секунд

Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд өнгөрсөн хавар Боловсролын зээлийн сангийн мэдээллүүдийг шилэн болгосон нь олны анхаарал татаж, хэсэгтээ нийгмийг шуугиулсан. Улмаар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ БЗС-гийн асуудлыг шалга гэх үүргийг хууль хяналтынханд өгч, өнөөдрийн байдлаар 10 хүнийг холбогдогчоор, 2 хүнийг яллагдагчаар татаад буй юм.

Өнгөрсөн хавар энэ мэдээллийг нийтэд ил болгосноор хэн гэдэг дарга, сайдын хүүхэд хэдэн төгрөгийн зээл авсан. Түүнийгээ буцааж төлсөн эсэх гээд олон асуудал нийтэд ил болж, төлөгддөггүй гэх тодотголтой БЗС-ийн зээл эргэн төлөгдөж эхэлсэн байдаг.

Үүнээс гадна, БЗС-ийн зээл олгох процесс ил тод нээлттэй болж, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд л олддог байсан гэх тэр боломж энгийн иргэдийн хүүхдүүдэд ижил тэгш, хүртээмжтэй байдлаар хүрдэг болсон хэмээн иргэд ам сайтай байгаа.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар, БЗС-нд хэдэн төгрөг эргэж төлөгдсөн. Одоо хэдэн төгрөгийн авлагатай үлдсэн. Зээлийг эрх мэдэл, албан тушаалд захирагдахгүйгээр тэгш хүртээмжтэй хүртээж чадаж байна уу гэдгийг Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Батмандахаас тодрууллаа.

2023 ОНЫ БАЙДЛААР БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ГАДААД ЗЭЭЛИЙН АВЛАГА 200 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

-Боловсролын зээлийн сангийн зээлээр өнгөрсөн хугацаагаар хэчнээн хүн гадаадад сурсан бэ?

-1997 оноос хойш БЗС гадаадад суралцагчдад зээл тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ хугацаанд өндөр хөгжилтэй орны магистр, докторын хөтөлбөрт 1867, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн баклаварын хөтөлбөрт 482, Ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөрт 513, Ерөнхий сайдын тэтгэлэгт хөтөлбөрт 48, Засгийн газар хоорондын гэрээгээр 500 гаруй суралцагч гээд нийт 3500 орчим суралцагчид зээл тэтгэлэг олгосон байна.

-Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгосноор зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн үү. Ямар үр дүн гарсан бэ?

-2023 оны хавар олон нийтийн дунд Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил тод болсноос хойш эргэн төлөлтийн хувь хэмжээ нэмэгдсэн. 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 4.2 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэн байна.

Үүнийг 2022 онтой харьцуулахад, 4.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

-Өнөөдрийн байдлаар БЗС-гийн авлага хэд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 200 тэрбум төгрөгийн авлага байна.

-Энэ мөнгөн дүнг эргэн төлүүлэх ажил яагаад ийм удаашралтай байна вэ. Танай байгууллагаас эргэн төлөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна?

-2023 оны тавдугаар сараас эхлээд олон нийтийн дунд мэдээлэл ил тод болж, хууль хяналтын байгууллага шалагж эхэлсэн. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан болон АТГ-аас бүх суралцагчдын хувийн хэргийг манайхаас аваад явсан. Энэ хүрээндээ бүх суралцагчидтай уулзаж, тайлбар мэдүүлэг авч байгаа юм байна лээ. Аль зээл нь чөлөөлөгдөх, аль нь гэрээний үүрэг дуусгавар болгох, аль зээл нь эргэн төлөгдөх вэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа асуудал шийдэгдэнэ.

-Одоо ямар журмаар олгож байгаа вэ. Журамд өөрчлөлт орсон зүйл бий юу. БЗС-гийн мэдээллийг шилэн болгосноос хойш нийт хэдэн хүн энэ зээлд хамрагдсан бол?

-2023 оны зургаадугаар сард дэлхийн шилдэг их дээд сургуулиудын сонгон шалгаруулалт явагдсан. Өнөөдрийн байдлаар БШУ-ны сайдын тушаалаар дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах 61 суралцагчийн тушаал гарсан. Одоогоор манайх нийт 52 суралцагчтай гэрээ байгуулсан байна. Журам тогтоолын хувьд 2023 оны зургаадугаар сард болсон сонгон шалгаруулалт 2022 оны Засгийн газрын 346 дугаар тогтоолын дагуу явагдсан.

Журмыг дахин шинэчлэх ажлын хэсэг гарсан. Энэ дагуу журмаа шинэчлээд явж байгаа.

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР НИЙТ 4.2 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 1.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ

Засгийн газрын ШИЛЭН ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт нэмэгдэж, ганцхан жилийн дотор 4,2 тэрбум төгрөг төлөгдсөн гэдгийг холбогдох албаныхан онцолсон. Тодруулж хэлбэл, Боловсролын зээлийн санд 2020-2022 онд буюу 3 жилийн хугацаанд нийт 1,5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн бол шилэн болгосны үр дүнд ганцхан жилийн дотор 4,2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хэдийгээр өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эргэн төлөлт нэмэгдсэн ч нийт төлөгдөх ёстой мөнгөн дүнгийн багахан хувийг эзэлж байгаа гэдгийг Боловсролын зээлийн сангийн асуудлыг олны анхаарлын төвд оруулж, дарга нарын хүүхдэд давуу тал олгож, ардын хүүхдийг "алагчилдаг" хэмээн шүгэл үлээсэн Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал онцолж, эргэн төлөлтийг нэмэгдүүлж, төлөхийг шаардах шаардлагатай байгаа онцлов.

О.БАТНАЙРАМДАЛ: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ШУДАРГА ЯВАГДДАГ ЖИШИГ ТОГТСОН. ОДОО ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ИЛҮҮ ОЛОН ХҮҮХДЭД ЭНЭ БОЛОМЖИЙГ ОЛГОХ ЁСТОЙ

Тодруулбал тэрбээр, "Өнгөрсөн жилийн тавдугаар сард БЗС-гийн асуудал олон нийтэд ил болсон. Тухайн үед би зээлээ эргэн төлөх ёстой гэх санааг маш тодорхой хэлж байсан. Гэтэл 2023 онд Боловсролын зээлийн санд 4 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт төлөгдсөн байна. Гэтэл тухайн үед яригдаж байсан нийт авлага нь 363 орчим тэрбум төгрөг байсан. Энэ тоотой харьцуулахад өнөөдөр төлөгдсөн байгаа эргэн төлөлт хангалттай биш байна гэж ойлгож болно. Хэрэв энэ мөнгө эргэн төлөгдөж чадвал илүү олуулаа гадаадад суралцах боломж бүрдэнэ. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл нийтэд ил болсноор үүссэн хамгийн том давуу тал, ахиц нь гадаадад суралцагчдыг сонгох сонгон шалгаруулалтын явц нээлттэй ил, тод, шударга зарчмаар явагддаг болсон явдал. Сонгон шалгаруулалт шударга явагддаг жишиг тогтсон гэж би хувьдаа харж байгаа учраас эргэн төлөлтийг нэмэгдүүлж, илүү олон хүүхдэд энэ боломжийг олгох ёстой гэж хэлмээр байна" гэлээ.

БҮХ ЗЭЭЛДЭГЧЭЭС ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВЧ, ЭРГЭН ТӨЛӨГДӨХ ЗЭЭЛҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙ БОЛГОСНЫ ДАРАА ТӨЛӨЛТИЙГ ШААРДАХ АЖИЛ ЭХЭЛНЭ

Засгийн газар нүднээс далд хаалттай өрнөдөг байсан асуудлыг ил болгож, олон нийтэд нээлттэй ил тод байлгах ажлыг хийсэн. Одоо төлөгдөх ёстой мөнгөн дүнг төлүүлэх нь зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь үнэн. Товчхондоо бол эргэн төлөлтийг шаардаж, буцаан төвлөрүүлэх нь чухал. БЗС-ийн авлага өнөөдрийн байдлаар 200 тэрбум төгрөг байгаа гэдгийг холбогдох албаныхан онцлов. Тус мөнгийг буцаан төлүүлэх ажил яагаад удаашралтай байгаа шалтгааныг тодруулахад, хууль хяналтын байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотой гэх товчхон хариултыг өгсөн.

Одоогоор шалгалтын ажиллагааны хүрээнд бүх зээлдэгчээс тайлбар мэдүүлэг авч, эргэн төлөгдөх зээлүүдийн мэдээлэл тодорхой болгосны дараа төлөлтийг шаардах ажил эхлэх юм байна.

10 ХҮНИЙГ ХОЛБОГДОГЧООР, 2 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГАЖ БАЙНА

Боловсролын зээлиин сантай холбоотой асуудал өндрийг авч, улс төрд нөлөө бүхй эрхмүүд нэр холбогдож, шүүмжлэл дагуулж эхлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдрийн байдлаар 10 хүнийг холбогдогчоор, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна. Энэ бол хаалттай байсан мэдээллийг ил болгож, шилэн болгосны үр дүн. Үүнээс гадна даргын хүүхэд давуу эрх эдэлж, ардын хүүхэд ард нь хоцордог жишиг ч ард хоцорсон. Одоо тус сангийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт өмнөхөөсөө илүү нээлттэй ил тод байх хяналтыг хамтдаа тавих шаардлагатай байна.

ШУУД: Нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг танилцуулж байна
ШУУД: Нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг танилцуулж байна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.