“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо нүүрсний эхний шатны сонсголыг өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл хоёр дахь шатны сонсгол 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Хоёр дахь шатны сонсголоор өнгөрсөн хугацаанд оффтейк гэрээ болон нүүрс худалдан авалт, зарцуулалттай холбоотой асуудалд холбогдсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, охин компани, түүнд оруулсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, төслүүд, шалгалтын арга хэмжээтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Хуульд зааснаар сонсголд дуудах гэрч нарыг сонсгол болохоос долоо хоногийн өмнө зарлана. Хоёр дахь сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр багтаж буй талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлсэн байдаг.