Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томилохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2023.11.30) Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад Д.Сүнжидийг нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Иймд тус Комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл, санаачилгыг үндэслэн Д.Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах саналаа Байнгын хороооны хуралдаанд Улсын Их Хурлын дарга танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.

2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлага, онол-практикийн мэдлэгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийг тус Комиссын даргад нэр дэвшүүлж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц байгуулна
Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.