Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх зохицуулалттай“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 19 секунд

Засгийн газрын зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг бүхэлд нь нэмэгдүүлээд, улмаар энэ төрлийн эрхийг бүх насаар нь хасах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж төсөл тусгажээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасныг Б.Энхбаяр сайд төслийн талаарх танилцуулгадаа дурдсан байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан тохиолдолд 5-8 жил, согтуурсан мансуурсан үедээ хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэлт ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлийг гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг “согтууруулах ундаа” хэмээн хуульчилсан, аливаа төрлийн согтууруулах ундаа нь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр нөлөөлдөг" гэв.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/506, A/176 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам"-аар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх зохицуулалттай юм.

ЦЕГ-ын хурандаа нар Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж өөрсдийн хамаарал бүхий компанийг тендерт шалгаруулдаг уу
ЦЕГ-ын хурандаа нар Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж өөрсдийн хамаарал бүхий компанийг тендерт шалгаруулдаг уу
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.