Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцээд албан байгууллагууд баяраа тэмдэглээд эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд осголт гэмтлийн тоо ч илүү өндөр болж ГССҮТ ачаалалд дарагддаг гэхэд буруудахгүй. Олон жил дуншсан ГССҮТ-ийн харьяа түлэнхийн төв нь 2022 оноос иргэдэд үйлчилж эхэлсэн. Тус эмнэлэг нь түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх түлэнхийн төвд хөлдөж, осгосны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр нь гэр оронгүй хүмүүс. Согтуу хүн гадаа -20 градуст 20 минутанд байхад л хөлдөх эрсдэлтэй гэнэ.
Архинаас болж осгож, хөлдсөн хүмүүс хавсарсан гэмтэлтэйгээр эмнэлэгт ирдэг
Тоон мэдээлэл дурдъя. Арванхоёрдугаар сарын 1-10-ны байдлаар, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн нийт 358 хүн ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 274 нь эрэгтэй, 84 нь эмэгтэй байна. Мөн эдгээр өдрүүдэд нийт 14 хүн осголт, хөлдөлтийн улмаас ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. 14 хүний гурав нь 0-18 насны хүүхэд бөгөөд чих, хурууны үзүүр, хацраа хөлдөөсөн бол гурван эрэгтэй архи ууснаас болж осгожээ.
Архинаас болж осгож, хөлдсөн хүмүүсийн гар хөлийн хуруу хөлдөхөөс гадна согтуудаа унаж бэртсэнээс болоод ясны хугарал гэмтэл, тархины гэмтэл гэх зэрэг хавсарсан гэмтэлтэйгээр эмнэлэгт ирдэг аж.
ГССҮТ-ийн харьяа түлэнхийн төвийн эмч А.Шинэжил :
-Ар гэрийнхэн нь эмнэлэгт "Өчигдөр байгууллагын шинэ жилд ороод орой ирэхдээ гар, хөлөө хөлдөөчихлөө" гээд эхнэр, хүүхэд нь авчирдаг. 1-2 дугаар сард ачааллын ид үе. Тэр үед хоногт 100-180 хүн ирдэг бөгөөд ердийн үед 100-120 хүн ирдэг. Одоо ачаалал ихсээгүй байна. Хүний биеийн температур 36, 37 градус. 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдана. 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдана. 28 хэмээс доош ороход хүний аминд халтай. Осголт гэдэг нь бүтэн бие даарч хөрөөд дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.
Хөлдөлт нь удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг хатуу болж хөлдөнө гэсэн үг. Хөлдөлтийн дөрвөн зэрэгтэй. Хөлдөлтийн нэгдүгээр зэрэг нь цайж хүйт оргиод хорсож чинэрдэг. Хоёрдугаар зэрэг хавдаж улайгаад, мэдээ алдаж цэврүү үүснэ. Гуравдугаар зэрэг мөн л цайж цэврүүтээд, цэврүүний дор хөхөлбийтөж улаан хүрэн болоод ихээр хавдаж чинэрч өвдөнө.
Дөрөвдүгээр зэрэг бол хөлдөөсөн мах шиг тогшиход дуугарч хатуу болж хөлддөг. Эмчилгээний зарчим нь тухайн хэсэг газарт бүлээцүүлэх, цэврүүтэж шарх үүсвэл шархыг нь боож эргэж сэргэхийг нь хүлээгээд үхэжсэн эдийг тайрч авах мэс засал хийдэг.
2024 онд осгосон 115, хөлдсөн 529 хүн эмнэлгийн тусламж авчээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2627 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Харин эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.
Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.802 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6459 буюу 16.2 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өсжээ. Согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан 33764, эрүүлжүүлэгдсэн 6649 хүн байгаа нь өмнөх оны мөн үеэс 48.4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо 8.0 хувиар өсжээ.
Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил зонхилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн 824 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1.4 дахин өссөн үзүүлэлт аж.
Гудамжинд хүн хэвтэж байвал заавал тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаж өгөөрэй
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргил :
-Арванхоёрдугаар сард хөлдөлт осголтын дуудлага мэдээлэл харьцангуй их бүртгэгддэг. Энэ сард цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар олон жилийн дунджаас 30 хэмээр хүйтэрнэ гэсэн судалгаа гарсан. Тиймээс албан байгууллага, анги хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгаа бол дотроо зохион байгуулалт сайтай байж, нэгнийгээ ар гэрт нь хүлээлгэж өгдөг байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Ингэснээр тухайн байгууллага ажилтнаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хөлдөлт осголт зэрэг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм.
Нэг жишээ дурдъя л даа. Ноднин жил нэг хүн согтууруулах ундаа хэрэглээд гудамжинд ухаангүй унасан байсан юм билээ. Тэр хүний хажуугаар явж байсан хүмүүс ямар ч тусламж үзүүлээгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагаас эргүүлд явж байсан алба хаагчид тухайн иргэнийг олж хараад очиход хөлдсөн, осгосон амь нас нь хохирч болох эрсдэлтэй байдалд байсныг эмнэлэгт хандан тусламж үзүүлсэн. Тэгэхэд эмнэлгийн зүгээс “Хэрэв таван минут л хоцорсон бол энэ иргэн амь насаараа хохирох байсан” гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр иргэд гудамжинд хүн хэвтэж байвал заавал тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаж өгөөрэй. Таны орхиод явсан хүн гар хөл нь хөлдөөд амь нас, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй.
Хэдхэн жилийн өмнө байгууллагынхаа шилдэг ажилтан болсон залуу осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Тэрээр амьдардаг байрныхаа гадаа орцондоо орж чадалгүй амиа алдсан байсан бөгөөд ажлынхаа оны шилдэг ажилтнаар шалгарсан өргөмжлөл хажууханд нь хэвтэж байсан гэдэг. Тиймээс албан байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай гэдгийг энд онцолъё.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!