Цагдаагийн ерөнхий газраас ЦЕГСААА/202306012 дугаартай Тайзны дэлгэц нийлүүлэгчийн сонгон шалгаруулах тендер зарлажээ. Тус сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газраас явуулахад тендерт оролцогч Ө ХХК хамгийн бага үнийн санал гаргасан боловч тендерт шалгаруулаагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, мөн зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасныг Цагдаагийн ерөнхий газраас зөрчиж Монтек Дистрибьюшн ХХК-ийг шалгаруулжээ.
Тус тендерт оролцогч Ө ХХК нь хамгийн бага үнийн санал гаргасан байхад тендерт шалгаруулаагүй нь хууль зөрчиж байна гээд Сангийн яамны хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасан байна. Сангийн яам гомдлыг хянаад Цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албанд тендер шалгаруулалтын үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг мэдэгджээ.
Цагдаагийн ерөнхий газар Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин явуулсан боловч хамгийн бага үнийн санал гаргасан Ө ХХК шалгаруулалгүй өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.
Ийнхүү Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас тендерийн хууль тогтоомжийг зөрчиж Монтек Дистрибьюшн ХХК-ийг шалгаруулаад байгаа нь өөрсдийн хамаарал бүхий компанийг шалгаруулдаг гэсэн иргэдийн хардлага байгаа юм.