Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан юм. Гэвч зарим томоохон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгоогүйд олон нийт шүүмжлэлтэй хандсан.
-ТУЗ-ийн 9 гишүүн сард 840 мянган төгрөгийн цалинтай-
Тэгвэл өнөөдөр /2023.04.24/ нээлттэй мэдээллийн санд "Эрдэнэс тавантолгой" ХК болон МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн мэдээллийг нээлттэй байршуулжээ. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн ТУЗ-д С.Батболд, Б.Ганбат, Э.Баттулга, Б.Болор-Эрдэнэ, Ч.Мөнхтуяа, В.Дарханбаатар, О.Гэрэлмаа, П.Баатарсүрэн, Т.Болдоо нарын 9 хүн багтдаг. Тэдний сарын цалин 840 мянган төгрөг аж.
-ТУЗ-ийн гишүүн В.Дарханбаатар МИАТ-аас гадна төрийн өмчит дөрвөн компанид ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, сард 2 сая 230 мянган төгрөгийн цалин авч байна-
Төрийн өмчийн зарим компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл давхцаж байгаа юм. Тухайлбал, МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж сард 840 мянган төгрөгийн цалин авдаг гэх В.Дарханбаатарын тухайд ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн. Тэрбээр нийтэд ил болсон 71 компаниас таван компанийн ТУЗ-д ажиллаж байна. Тодруулбал, Орхон АЗЗА, Булган АЗЗА, Хөвсгөл АЗЗА ТӨХК болон Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК, МИАТ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Ингэхдээ 230 мянгаас 840 мянган төгрөгийн хооронд цалин авч байна. Үүнд:
-Орхон АЗЗА - 230 000
-Булган АЗЗА - 230 000
-Хөвсгөл АЗЗА - 230 000
-Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК - 700 000
-МИАТ ТӨХК - 840 000 төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр төрийн албан хаагчийн цалингаас гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүнээс нийтдээ сард 2 сая 230 мянган төгрөгийн цалин авч байна гэсэн үг юм.