Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас товлогдсон. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч О.Санчирбал нар иржээ.
Ташрамд дурдахад, Бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс тус хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан. Харин прокурорын байгууллага нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.