
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд өмнөх оны мөн үеэс гарсан өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд гадаад худалдаа, аж үйлдвэр, уул уурхай, инфляц, хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтүүдийг хамруулжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын импорт 2026 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 891.2 сая ам.доллароор өссөн байна.
Үүнд шатахууны импортын үнийн өсөлт голлон нөлөөлж, ялангуяа дизель түлшний импортын дүн 407.6 сая ам.доллароор нэмэгджээ. Түүнчлэн автобензиний импорт 73.4 сая ам.доллароор, бульдозер, экскаватор зэрэг машин механизмын импорт 56.2 сая ам.доллароор өссөн байна.
Мөн шинэ дугуйн импорт 48.6 сая, хар төмөр бүтэц, эд ангийн импорт 36.6 сая ам.доллароор тус тус нэмэгджээ.
Харин энэ хугацаанд суудлын автомашины импорт 108.6 сая ам.доллароор, ачааны автомашин 47.1 сая ам.доллароор, ухаалаг гар утасны импорт 16.0 сая ам.доллароор тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл, импортын өсөлтийн дийлэнх хэсгийг шатахуун болон үйлдвэрлэл, барилга, уул уурхайд ашигладаг машин механизм, тоног төхөөрөмжийн импортын өсөлт бүрдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!