
“Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ монгол уншигчдад танил болсон Хятадын зохиолч Үй Хуагийн “Ахан дүүс” роман монгол хэлнээ хэвлэгдэж байна. "Ахан дүүс” олон улсын түвшинд ч өндөр үнэлгээ авчээ. Францын нэр хүндтэй Courrier International сэтгүүл 2008 онд уг романд гадаадын шилдэг номын анхны шагналаа олгосон байна. Англи хэлт орнуудад роман 2009 онд гарсны дараа мөн нэлээд өргөн шүүмжлэл дагуулжээ. 2016 онд хэвлэгдсэн судалгаанд АНУ, Их Британи, Австрали, Канадын нийт 37 англи хэл дээрх номын шүүмжийг судалж үзэхэд романы сэдэв, хамрах цар хүрээг өндөр үнэлсэн шүүмж олон байсан ч хэл найруулга, бүтцийн талаар сөрөг эрс шүүмжлэл ч байсныг тэмдэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл “Ахан дүүс” роман англи хэлт орнуудад эерэг, сөрөг үнэлгээг хослуулан маргаан дагуулсан бүтээл байж чаджээ. 2008 оны Man Asian Literary Prize-ийн финалд шалгарч байжээ. Романы франц орчуулга 2008 онд, итали орчуулга 2009 онд гарсан бөгөөд дараа нь испани, америк англи, унгар, герман, нидерланд, солонгос, япон хэлүүдэд ч гараад амжсан байна. Дэлхийн олон орны уншигчдын хүртээл болсон, олон хэлнээ орчуулагдан гарсан энэ бүтээл Монголд хэвлэгдэж байгаа нь дэлхийн уншигчдаас хоцролгүй, үнэ цэнтэй бүтээлүүдийг эх хэлээрээ уншиж, хүн төрөлхтний оюун санааны урсгалтай зэрэгцэн алхах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!