
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд өмнөх оны мөн үеэс гарсан өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд гадаад худалдаа, аж үйлдвэр, уул уурхай, инфляц, хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтүүдийг хамруулжээ.
Тухайлбал, Монгол Улс 2026 оны эхний найман сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 14.4 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 6.1 тэрбум ам.доллар буюу 36.8 хувиар өссөн байна.
Үүнд экспорт 5.2 тэрбум ам.доллар буюу 57.2 хувиар, импорт 891.2 сая ам.доллар буюу 11.9 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин гадаад худалдааны тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 4.3 тэрбум ам.доллароор буюу 3.6 дахин нэмэгдсэн байна.
Мөн наймдугаар сард экспорт өмнөх сараас 382.2 сая ам.доллар буюу 21.1 хувиар, импорт 171 сая ам.доллар буюу 16.4 хувиар өсжээ.
Экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмал, нүүрс, алт, самнасан ноолуурын экспортын өсөлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, эхний найман сард экспорт өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 2.8 тэрбум ам.доллар, нүүрс 1.9 тэрбум ам.доллароор тус тус өссөн нь хамгийн өндөр нөлөө үзүүлжээ. Түүнчлэн боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт 255.6 сая, самнасан ноолуур 97.1 сая, гянтболдын хүдэр, баяжмал 53.9 сая, хар тугалгын хүдэр, баяжмал 40.7 сая ам.доллароор тус тус өссөн байна.
Харин тунгаасан зэс болон хайлшийн экспорт 46.7 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 22.8 сая ам.доллар, адууны мах 8.6 сая ам.доллар, хонь, ямааны мах 6.2 сая ам.доллароор тус тус буурсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!