Яндангаа хөөлж, галын аюулгүй байдлаа хангахыг СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Намрын улирал эхэлж, айл өрхүүд галлагаагаа эхлүүлж буйтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уламжлалт болон төслийн зуух ашигладаг айл өрхүүдэд яндангийн хөөлгөө тогтмол хийж, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа шалгахыг анхааруулж байна.

Албаны судалгаагаар дулааны улирлаас хүйтний улиралд шилжих намрын 9, 10 дугаар сар болон хаврын 5 дугаар сард угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгддэг болохыг онцолж байна.

Угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан иргэдийн сүүлийн гурван жилийн улсын хэмжээний статистик мэдээллээс үзвэл:

  • 2023 онд 3,184 хүн угаарын хийн хордлогод өртөж, 61–63 хүн нас барсан;
  • 2024 онд 2,830 хүн угаарын хийн хордлогод өртөж, 53 хүн нас барсан;
  • 2025 онд 2,267 хүн угаарын хийн хордлогод өртөж, 30 хүн нас барсан байна.

Яндангийн хөө, тортогийг цэвэрлэхгүй байх нь дараах эрсдэлийг дагуулдаг байнан Үүнд:

- Гал түймэр гарах: Яндан дотор хуримтлагдсан хөө, тортог өндөр температурт шатаж, яндангаар дамжин дээвэр болон барилгын хийцэд гал тархах эрсдэлтэй.

- Угаарын хий дотогш нэвтрэх: Хөө, тортог ихээр хуримтлагдсанаар яндангийн таталт муудаж, утаа, угаарын хий орон байранд нэвтрэх аюултай.

- Яндан хэт халах: Хуримтлагдсан тортог шатах болон яндан хэт халснаар ан цав, цоорол үүсэж, галын аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй.

- Дулаан багасах: Яндангийн таталт муудсанаар түлшний шаталт буурч, зуухны дулаан багасах, утаа гэр дотор орох нөхцөл үүснэ.

Иймд галлагаа эхлэхийн өмнө яндангаа буулгаж, үзүүр хэсэгт нь арзгар трос бүхий урт саваа ашиглан хөө, тортгийг сайтар цэвэрлэж, дараагаар нь яндангийн нэг үзүүрт битүү уут углаж, янданг зөөлөн түншиж хөө, тортгийг уутанд цуглуулна. Дээрх үйлдлийг 2–3 удаа давтаж, яндангийн хөө, тортгийг бүрэн цэвэрлэнэ.

Яндан хөөлөх явцад ан цав, цоорол үүсгэхгүй байхыг анхаарч, яндан элэгдэж, нимгэрсэн, ан цав гарсан шаардлагатай засвар үйлчилгээг хийх, шаардлагатай тохиолдолд бүрэн солих хэрэгтэй. Яндангаа жилд 2–3 удаа тогтмол хөөлж, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хэвших нь гал түймэр болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Иймд иргэн бүр хүйтний улирал эхлэхээс өмнө яндан, зуухаа сайтар шалгаж, хөөлөн цэвэрлэж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа хангаарай.

“Чингис Аэрлайнс” Авиа компани шинэ нисгэгчээ угтан авлаа
“Чингис Аэрлайнс” Авиа компани шинэ нисгэгчээ угтан авлаа
 
Уул уурхайн салбарт 13 мянган эмэгтэй ажиллаж байна
Уул уурхайн салбарт 13 мянган эмэгтэй ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!