
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Энэ сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан тус чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газар, холбооны байгууллагууд болон бизнесийн салбарын 400 орчим төлөөлөгч оролцжээ.

Чуулга уулзалтын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, аялал жуулчлал болон хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн салбар хуралдаан, уулзалт зохион байгуулсан байна.
Тухайлбал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын XVIII хуралдаан болжээ.
Мөн тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа, спорт, бизнесийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн байна. Талууд чуулга уулзалтын хүрээнд хүрсэн тохиролцоонууд нь хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Цаашид бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!